Тэрбээр “Дурлалын сум” мюзиклийн хөгжмөөр "Гэгээн Муза" наадмын "Шилдэг хөгжмийн зохиолч" шагналыг авсан бөгөөд 2011 онд “Аравт” киноны хөгжим, 2014 онд “Цахлай нисэх гэж төрдөг” олон ангит киноны хөгжим, 2014 онд “Ээжээ надтай гэрлээч” уран сайхны кино, 2015 онд "Ромео Жульетта" жүжгийн хөгжим, "Миний аялсан мянган хот" нэвтрүүлгийн хөгжмийг бичжээ.
Түүнчлэн өөрийн бие даасан “Хязгааргүйн цаана”, “Давтагдашгүй”, “Эзлэн” тоглолтоо хийсэн юм. Б.Чинбат 2019 оны арваннэгдүгээр сарын сүүлчээр БНСУ-д элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орсон. Түүний гэргий Ц.Сарнай донор болсон бөгөөд мэс засал нь амжилттай болсон юм. Тэд БНСУ-д хагалгааны дараах эмчилгээгээ хийлгэж байгаад тусгай нислэгээр өнгөрсөн дөрөвдүгээр сард Монголдоо ирсэн билээ. Өнгөрсөн оны аравдугаар сард тэрээр хамтлагийнхантайгаа “Niciton and friends” болон “Aravt” тоглолтыг нэгтгэсэн "Chinbaa and friends" талархлын тоглолтоо хийсэн юм.