Үндэсний их баяр наадам 15 хоногийн дараа болно. Үүнтэй холбогдуулан үндэсний бөхийн барилдааны дүрэмд өөрчлөлт орж байгаа талаар өнөөдөр /2023.06.26/ Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээлэл хийлээ.
Хууль зүй дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг “Бөхийн ам авахтай холбоотой дүрмийн өөрчлөлт байна. Бөхчүүд ам авахтай холбоотой асуудал дээр программ хангамж бэлдсэн. Түрүү жил ам авах асуудал дээр харилцаа холбооны хэрэгсэл ашигласан нь наадамчдыг бухимдуулж, хардалт сэрдэлт, найрааны асуудал ажиглагдсан. Ам авах асуудалд зарим бөхчүүд маань шүүмжлэл тавьсан. Хүнээр дуудуулахаар алгасаж уншдаг. Ингэснээр ам авахад нөлөөлж, хэт хүнээс хамааралтай байна гэж үзсэн. Тиймээс энэ удаад дүрмийн өөрчлөлтийг санал болгож байгаа. Энэ удаа программ хангамжийн тусламжтайгаар 5 минутын хугацаанд бөхчүүд ам авах боломжийг бүрдүүлсэн. Энэ дэлгэцнээс уламжлалт байдлаар дуудаад явж болно. Энэ байдалд шилжсэнээр нэр алгасаж дууддаг, ам авахдаа тохироо хийдэг асуудлыг шийдвэрлэж нөхцөл байдлыг дэлгэцэнд харуулна. Бөхчүүд ам авах хугацаандаа утас хэрэглэхийг хориглож байна. Энэ үйлдлийг гаргавал хорио цээрт заасан арга хэмжээг авна гэсэн дүрмийг өөрчлөлт оруулна. Ам авахдаа 4+ 1 хугацаандаа амжихгүй бол тухайн бөх 2 удаа ухарна.
Цол дуудахад нэг ивээн тэтгэгчийг дуудуулах зохицуулалтыг оруулахаар болсон байна. Төр түмнээ хүндэтгэх үүднээс энэхүү зохицуулалтыг тусгасан. Энэ заалтыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж эцэслэгдэх юм.
Идэвхээр барилдааныг үнэлэх асуудал байна. Өнгөрсөн жил үндэсний их баяр наадмын барилдаанаар ямар ч асуудал гараагүй. Бөхчүүд жин нэмж дарж, барьцанд хүрэхийг хүлээхгүй идэвх санаачлагатай барилдах мэх хийдэг, тэсэрч барилддаг эерэг өөрчлөлтүүд байна. Гэтэл цөөн тооны бөхчүүдийн лоббигоор энэ дүрмийг өөрчлөх ёстой гэсэн саналыг Монгол бөхийн холбооноос тавьсан. Тус холбоог санал тавихад дүрмийн зөвлөлийн шийдвэрийг шаардсан ч, өгөөгүй байхгүй. Дүрмийн зөвлөл найман гишүүнтэй. Энэ зөвлөл хуралдаад энэ дүрмийг өөрчлөх болсон үндэслэл, бөхчүүдээрээ хэлэлцүүлсэн асуудал байхгүй байна. Д.Магалжав тэргүүний бичиг дээр тэгш барилцах гэсэн саналыг оруулж ирсэн. Энэ асуудлыг бөхчүүдээрээ хэлэлцүүлсэн эсэх, тэгш барилцахаар бол хэдэн удаа ч барилцаж болохоор болно. Тэгэхээр энэ цаг хугацаандаа амжих уу гэсэн асуудал байна. Салбар хороо 15 хүний бүрэлдэхүүнтэй хуралдаж, гишүүдийн 12 нь дүрмийг өөрчлөх шаардлагагүй гэж үзсэн. Нэр бүхий бөхчүүдэд зориулж дүрмийг өөрчлөөд байж болохгүй. Энэ жил өнгөрсөн жилийн дүрмээрээ явна. Түрүү жил үндсэн барилдаан 30 минут, +10 минутын барилдааны идэвхийг хардаг байсан бол үндсэн барилдаан 40 минут байна. Үүний идэвхийг харахаар тусгаж байна” гэсэн юм