Манай орны хувьд цаг агаарын эрс тэс уур амьсгалтай, тээврийн хэрэгслүүд даац хэтрүүлэн зорчдогоос замын эвдрэл хурдацтай явагддаг. Түүнчлэн зам засварын ажилд ихээхэн хэмжээний төсөв, зардал, хүн хүч, цаг хугацаа шаарддаг билээ.
"Slurry seal" тусгай тоноглолын машинаар гадаргуун боловсруулалт хийснээр авто замуудын ашиглалтын хугацаа буюу насжилтыг уртасгах бүрэн боломжтой юм.
"Slurry sealer" машины хувьд хольцод орох дүүргэгчийн хэмжээ 5 мм хүртэл ширхэглэлтэй байдаг. Энэ нь хучилтын зузааныг нэмэхгүй, харин өгөршиж, элэгдсэн хучилтын дүүргэгчийг холбох, ан цав, хагарлыг бөглөснөөр хучилтын доод үеүдэд ус нэвчихээс сэргийлснээр хучилтын эвдрэлийг зогсоох, сааруулах боломжтой.
Хучилт хийхэд өртөг өндөр, цаг хугацаа их шаарддаг байсан. Энэ машин нь өмнөх хучилт хийж байсан технологиудтай харьцуулбал өртөг хямд, түргэн хугацаанд засвар, хучилт хийх боломжтой.
Тус машинаар ээлжит засварын ажлыг тогтмол хугацаанд хийснээр засвар арчлалтын хөрөнгийг хэмнэж, хөдөлгөөний бэлэн байдлыг хангах, аюул осолгүй, ая тухтай зорчих нөхцөл бүрдэх юм.
Одоогоор А0301 дугаартай Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн авто зам дагуу 40км-43 километрийн хооронд авто зам дээр Slurry seal тусгай тоноглолын машинаар гадаргуун боловсруулалтын ажил хийгээд байна.
Үргэлжлүүлэн А0501 дугаартай Улаанбаатар-Өндөрхаан чиглэлийн хатуу хучилттай авто замын 154км-159 дэх километрт энэ оны долоодугаар сарын 9-ний өдрийг дуустал хийхээр ажиллаж байна.
Эх сурвалж: Зам тээврийн хөгжлийн төв