Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө тусгаар Тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүрээнд “Үндэсний хувцасны өдөр”-ийг тохиолдуулан “Дээлтэй Монгол-2023” наадам 2023 оны долоодугаар сарын 9-ний өдрийн 11:40-22:00 цагт жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдана.
Монголчуудын уламжлалт өв соёл, үндэсний хувцасны язгуур хэв шинж, үндэстэн ястны дээл хувцас, эд хэрэглэл, соёлын биет бус өвийг сурталчлах замаар Нийслэл Улаанбаатар хотыг Олон Улсад сурталчлах, жуулчдын хэрэгцээнд нийцсэн хотын аяллын бүтээгдэхүүн, шинэлэг үйлчилгээг бий болгох зорилготой энэхүү наадамд нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн оролцогчдоос гадна ОХУ-ын Буриад, Тува, Халимаг, БНХАУ-ын ӨМӨЗО, Хөх нуурын Дээд Монголчууд хүрэлцэн ирж өөрийн угсаатны хувцасны онцлогийг нийслэлчүүд болон жуулчдад толилуулна.