АНУ-ын Калифорни мужид үйл ажиллагаа явуулдаг “HOPE HAVEN WEST” ашгийн бус байгууллагын хандиваар “Тэргэнцэр Монголд” төсөл 2 дахь удаагаа Улаанбаатар хотод хэрэгжиж байна. Тэргэнцэр хүлээн авах 217 иргэдийг Улаан загалмай нийгэмлэгээс сонгосон бөгөөд хүлээн авагчийн биеийн байдалд тохируулан угсарч хүлээлгэн өгч байна.
Тус байгууллага 2018 онд анх Монгол улсад мэргэжлийн физик эмчилгээний терапист болон туршлагатай 24 хүний бүрэлдэхүүнтэй ирж, Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Сэлэнгэ, Хөвсгөлд аймгуудад сайн дурын үйл ажиллагаа явуулсан. Энэ ажлын хүрээнд 264 тэргэнцэр бусад дагалдах хэрэгслийн дэмжлэг үзүүлжээ.
“HOPE HAVEN WEST” АББ-ын тэргүүн Лони Дэвис, түүний эхнэр Лиза Дэвис (Lonny & Lisa Davis) нар дэлхийн олон оронд очиж тэргэнцэр тараадаг бөгөөд энэ удаагийн үйл ажиллагаа нь тэдний 98 дахь удаагийн ажил болж байна.
Энэ үйл ажиллагааныхаа хүрээнд нийт 20,000 гаруй тэргэнцэр тараасан бөгөөд 70% нь хүүхдийн тэргэнцэр байсан байна. Хүүхдийн тэргэнцрүүд Америкт үйлдвэрлэгдсэн, хүүхдийн өсөлтийн дагуу тохируулж ашиглаж болдгоороо онцлогтой юм байна.
Тэргэнцэр төслийг анх Монгол хүүхдүүдэд хүргэхийг санаачилсан, багийн зохион байгуулагч Түйзэнгийн Эс-Олдох нь Санфранциско орчим амьдарч буй монгол хүүхдүүдэд эх хэл, соёлыг өвлүүлэх зорилгоор, багш нарын хамт 2009 онд Гэр хүүхдийн төвийн дэргэд “Би монгол сургууль”-ийг байгуулан Монгол хэл, Үндэсний бүжиг, Морин хуур, Шатар, Зураг зэрэг дугуйлан хичээллүүлдэг байна. Тус дугуйланд жил бүр 100 орчим сурагчид хамрагдаж байсан бол ковидын үед түр завсарлаж, одоо үндэсний бүжиг, хэл соёлын хичээл зааж байна.
Т.Эс-Олдох нөхөр Боб Бранкерын (Robert Brunker) нар Оукдэйл Ротари Клубын гишүүд бөгөөд тэд клубийн шугамаар дараах төслүүдийг Монголд хэрэгжүүлсэн байна.
1. 2018 онд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын сургуульд, Дэлхийн Зөн, Ерөө сумын ЗДТГ-тай хамтран Контэйнэр ариун цэврийн байгууламж барьжээ
2. Лантуун Дохио хүүхэд хөгжлийн төвд нийт 19,156 ам доллар
3. Ерөнхий боловсролын 25, 70 дугаар тусгай сургуульд хэл заслын багажууд
4. “Гепатитгүй Монгол” төсөлд 6,600 ам.доллар
5. Хилийн чанад дахь Монгол сургуулиудад ашиглах “Миний Монгол Хэл-1” сурах бичгийг зохион хэвлэж, тараажээ
6. 2023 оноос Сэлэнгэ аймгаас 1 сурагчийн их сургуульд сурах зардал 1400 ам долларыг 5 жил төлөхөөр “Монголын Андууд” АББ-тай гэрээ байгуулсан байна.
Эх сурвалж: Боловсролын ерөнхий газар