Цаг агаар
Валютын ханш
Иргэний индэр
2023-08-04
Дархан-Уул аймагт Хууль тогтоомж сурталчлах төв байгууллаа

Монгол Улсын Их Хурал болон түүний Тамгын газрын 2019-2024 оны стратеги төлөвлөгөөнд аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэд Улсын Их Хурлын үйл ажиллагааг сурталчлах төв байгуулж, мэдээллийн нэгдсэн сүлжээнд холбон, албан бус боловсролын болон зайны сургалтын арга, хэлбэрээр иргэдэд хууль, эрх зүйн мэдлэг олгох, хууль тогтоомжийг сурталчлах ажлыг үр нөлөөтэй зохион байгуулах, ЕБС-ийн сурагчид, их, дээд сургуулийн оюутан залууст зориулсан Парламентын боловсролын хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэх зэрэг бодлогын зорилтуудыг дэвшүүлсэн байдаг. 

Улсын Их Хурлын Тамгын газар энэхүү бодлого, зорилтоо хэрэгжүүлэх ажлыг 2022 оноос эхлүүлж, 2023 оны 5 дугаар сард анхны Хууль тогтоомж сурталчлах төвүүдийг Баянхонгор, Өвөрхангай аймагт нээсэн бол шинэ төвийг Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэд 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдөр байгууллаа. Тус төвийг байгуулахад Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Швейцарын хөгжлийн агентлаг хамтран хэрэгжүүлж буй “Нутгийн өөрөө удирдах байгууллагын институцын чадавхыг бэхжүүлэх нь” дэд төслийн баг хамтран ажилласан юм.

Дархан-Уул аймгийн Хууль тогтоомж сурталчлах төвийн нээлт Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах үйл ажиллагаагаар эхэлсэн. Төвийн үйл ажиллагааны хэвийн, тасралтгүй байдлыг хангахад талуудын хүлээх эрх, үүргийг тодорхойлж, хууль тогтоомжийн хүрээнд хамтран ажиллахаар Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга, хууль зүйн ухааны доктор Л.Өлзийсайхан, Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Насанбат нар Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Хамтран ажиллах санамж бичиг байгуулснаар ийнхүү Хууль тогтоомж сурталчлах төв Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэд нээгдэх эрх зүйн орчин бүрдсэн юм. Нээлтийн арга хэмжээнд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн, Швейцарын Холбооны Улсын Гадаад хэргийн дэд сайд бөгөөд Швейцарын хөгжлийн агентлагийн Ерөнхий захирал, Элчин сайд Патрисиа Данци, Швейцарын хөгжлийн агентлагийн дарга Стефани Бурри, Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга Ц.Батбаатар, Улсын Их Хурлын Тамгын газрын Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн дарга Б.Пүрэвдагва, Дархан-Уул аймгийн Засаг даргын орлогч Б..Жавхлан болон албаны бусад хүмүүс, иргэдийн төлөөлөл оролцлоо.

Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга, хууль зүйн ухааны доктор Л.Өлзийсайхан тус төвийг нээж хэлсэн үгэндээ, энэхүү төвийг байгуулахдаа бид парламент нь шийдвэр, үйл ажиллагааныхаа талаарх мэдээлэл болон иргэдийн хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх ажлыг орон нутгийн төлөөллийн байгууллагатай хамтран зохион байгуулдаг олон улсын практикийг судалж, сайн туршлагыг харгалзан үзсэн гэдгийг тэмдэглэж, тус төв нь иргэд, олон нийтийг Улсын Их Хурлын шийдвэр, үйл ажиллагааны талаарх мэдээллээр тогтмол хангах, ард иргэд парламентын гишүүд, орон нутгийн хурлын төлөөлөгчидтэйгөө эгэх холбоотой байхад “гүүр” болно гэдэгт итгэлтэй байна. “Хууль тогтоомж сурталчлах төв”-ийг байгуулахад дэмжлэг үзүүлж, хамтран ажиллаж буй Швейцарын хөгжлийн агентлагийн хамт олон, тэр дундаа өнөөдрийн арга хэмжээнд алс холоос хүрэлцэн ирсэн Швейцарын Холбооны Улсын Гадаад хэргийн дэд сайд бөгөөд Швейцарын хөгжлийн агентлагийн Ерөнхий захирал, Элчин сайд Патрисиа Данци, Монгол Улс дахь Швейцарын хөгжлийн агентлагийн дарга, хатагтай Стефани Бурри, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, төвийг хариуцан ажиллах албан хаагчид болон энэ ажлыг гардан зохион байгуулж байгаа Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь” дэд төсөл, Нутгийн өөрөө удирдах байгууллагын институцын чадавхыг бэхжүүлэх нь” дэд төслийн хамт олонд Улсын Их Хурлын Тамгын газрын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн талархал илэрхийлье гэлээ.

Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Насанбат хэлэхдээ, Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт Швейцарын Хөгжлийн агентлагийн санхүүжилтээр 2015 оноос хэрэгжиж эхэлсэн Төвлөрлийг сааруулах бодлогын дэмжлэг төсөлтэй cүүлийн жилүүдэд үр дүнтэй хамтран ажиллаж төслийн хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажил Дархан хотод болон Монгол Улсад засаглалын шинэчлэлд үр дүнгээ өгч байгаа гэдэгт итгэлтэй байгаа. Энэ удаад Улсын Их Хурлын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газартай хамтран Швейцарын Хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр Хууль тогтоомж сурталчлах төвийг богино хугацаанд байгууллаа. Тус төвийг байнгын удирдлагаар хангаж, үйл ажиллагааг дэмжин ажиллах болно гэдгийг илэрхийллээ.

Швейцарын хөгжлийн агентлагийн Хамтын ажиллагааны газрын захирал Стефани Бурри хэлсэн үгэндээ, хууль тогтоомж сурталчлах төвөөр дамжуулан иргэд, хүүхэд залууст хууль тогтоомжийн талаар мэдлэг, мэдээлэл өгч, хариуцлагатай иргэдийг төлөвшүүлэхэд түлхэц үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Өнөөдрийн арга хэмжээнд бидний ирээдүй болсон хүүхэд залуусын төлөөлөл оролцож байгаад баяртай байна гэв.

Хүндэт зочноор оролцсон Швейцарын Холбооны Улсын Гадаад хэргийн дэд сайд бөгөөд Швейцарын хөгжлийн агентлагийн Ерөнхий захирал, Элчин сайд Патрисиа Данци халуун дотноор хүлээн авч буйд талархал илэрхийлээд тус төвөөр дамжуулан аймгийн ИТХ, эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд, залуучууд гээд хүн бүр баталгаатай, бодит мэдээллийг илүү хялбар байдлаар олж авах боломж бүрдлээ. Мэдлэг, мэдээллийн хүртээмжтэй байдал нь улс орны цаашдын хөгжилд мөн чухал үүрэгтэй билээ. Тиймээс энэ нь хүн бүрийн эрх, мөн том үүрэг хариуцлага юм гэдгийг онцлон тэмдэглэв. Тэрбээр, Швейцарын хөгжлийн агентлагийн зүгээс тус төвийг Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралтай хамтран байгуулж байгаад туйлын баяртай байгаагаа илэрхийлсэн юм.

Нээлтийн үйл ажиллагааны үеэр Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга, хууль зүйн ухааны доктор Л.Өлзийсайхан Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Хууль тогтоомж сурталчлах төвд Эзэн Богд Чингис хааны эш хөргийг гардуулан өгсөн юм.

Улсын Их Хурал стратеги төлөвлөгөөндөө тусгасны дагуу бусад аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэд төв байгуулах асуудлыг үе шаттайгаар байгуулахаар ажиллаж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ