2006 оноос хойш жил бүрийн намар уламжлал болгон зохион байгууллагдаг “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2021” нэгдсэн арга хэмжээ 2021 оны 9-р сарын 16-23-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулна.
Оролцогч иргэд орох гарах урсгалтай, аж ахуйн нэгжүүд ч халдвар хамгааллаа баримталж үйлчилгээгээ үзүүлэхээр төлөвлөжээ.
Энэ жил гадаа талбайд зохион байгуулж байгаа учраас оролцох аж ахуйн нэгжүүдийн тоо хэмжээ нэмэгдэж байна. Зөвхөн худалдаа арилжаанаас гадна шинэ бараа бүтээгдэхүүнийг таниулан сурталчилж мэдээлэл өгөх юм байна. Тухайлбал, тэжээлийн үйлдвэрийн чиглэлээр хэрэгжүүлсэн төслийн хувьд тухайн тэжээлийн нэр төрөл, шинээр бий болгосон эрдэс тэжээлүүд, малыг тэжээхийн тулд ямар арга барил шаардлагатай зэрэг мэдээллийг танилцуулна. Хүнсний бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид ковидын нөхцөл байдалтай уялдуулаад амин дэм агуулсан шинэ бүтээгдэхүүнээ танилцуулна.
Мөн хүүхэд залуучуудад зориулж сонирхолтой, зураг авах бололцоотой үйлчилгээнүүдийг нэг дор төвлөрүүлэхээр төлөвлөж бэлтгэл ажлаа хангаад байна.
Тус арга хэмжээнд орон нутагтаа тэргүүний, сайнд тооцогддог, сүүлийн үед шинээр бий болгосон, инноваци шингээсэн бүтээгдэхүүнийг оролцуулахыг зорьж байна.