Цаг агаар
Валютын ханш
Хөрөнгө, санхүүгийн зах зээл
2023-09-27
Монгол Улс, БНСУ хоорондын эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн яриа хэлэлцээ эхэллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн 2023 оны хоёрдугаар сард БНСУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр хоёр улсын эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, БНСУ-ын Худалдаа, аж үйлдвэр, эрчим хүчний дэд сайд Пак Ил Жун нар “Монгол Улс, БНСУ хоорондын Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг эхлүүлэх тухай Хамтарсан мэдэгдэл”-д гарын үсэг зурсан. 

Энэ хүрээнд талуудын холбогдох албаны хүмүүс ажлын түвшинд хамтран ажиллаж, Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хамрах хүрээ, зорилго, талуудын үүрэг хариуцлагыг тодорхойлсон Ажлын даалгаврын төслийг харилцан санал солилцсоны үндсэн дээр эцэслэн боловсруулсан. 

Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү, БНСУ-ын Худалдаа, аж үйлдвэр, эрчим хүчний яамны Чөлөөт худалдааны хэлэлцээрийн бодлогын асуудал хариуцсан дарга Чангёнг Ан нар “Монгол Улс, БНСУ хоорондын Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг эхлүүлэх тухай Ажлын даалгавар”-т 2023 оны есдүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хотноо гарын үсэг зурлаа. 

Уг Ажлын даалгаварт гарын үсэг зурснаар Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн яриа хэлэлцээг албан ёсоор эхлүүлж буй бөгөөд талууд хэлэлцээрийн эхний шатны хэлэлцээг 2023 оны 12 дугаар сард БНСУ-ын Сөүл хотноо зохион байгуулахаар харилцан тохиролцлоо. 

Энэхүү хэлэлцээрийн зорилго хоёр улс хоорондын худалдаа, хөрөнгө оруулалт, аж үйлдвэрийн салбарын нэмүү өртөг шингээсэн экспорт, валютын орлого зэргийг нэмэгдүүлэх, талуудын тарифын болон тарифын бус саад тотгорыг багасгах, худалдааг хөнгөвчлөх, гаалийн бүрдүүлэлтийг хялбаршуулахад оршиж байгаа юм. 

Хэлэлцээг хамтын ажиллагаа, харилцан ашигтай байдлаар явуулах бөгөөд эцсийн зорилго нь иж бүрэн, харилцан ашигтай тохиролцоонд хүрэх болно гэж Эдийн засаг, xөгжлийн яамнаас мэдээллээ. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ