Морьтон монголчуудын бүтээсэн уламжлалт соёл, арга ухаан хүн төрөлхтний бүтээсэн “Их соёл”-ын эрдэнийн нэгэн талст болон гялалздаг билээ. Тэр дундаа архад хөхүүрт айраг исгэх уламжлалт соёл, зөвхөн талын монголчуудад л бий. Эртнээс айргийг таван тансгийн ундаа гэж нэрлэж, ноёд дээдэстээ барьж иржээ.
Цэвэр чимчигнэсэн айраг хийхэд хөрөнгө, хөхүүр хоёр их чухал. Үхрийн ширээр хийсэн хөхүүрт айраг исгэхэд жинхэнэ байгалийн үнэр, амт орж исдэг байна. Булган аймгийн Сайхан сумын иргэн Д.Ариунжаргал хөхүүр урлах, хөхүүрт айраг исгэх соёлыг түгээн дэлгэрүүлж явна.
Сүүлийн жилүүдэд малчид айргаа хуванцар саванд исгэх болсон нь айргийн чанар, хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа учраас хөхүүр урлах арга ухааныг сэргээж, хэрэглэж эхэлсэн тухай Д.Ариунжаргал хуучиллаа.
Д.Ариунжаргал ”Хөхүүр бол нар, салхи, хүйтэн дулааныг тэнцвэржүүлж чаддаг "амьд сав" гэж хэлж болно. Нэг хөхүүр урлахад сар гаруйн хугацаа шаарддаг. Хөхүүр урлахдаа хамгийн эхлээд малын арьс ширээ сонгоно, бэлтгэнэ, би ихэвчлэн жонхуу зуурч арьсаа цэвэрлэдэг. Ус сайн даадаг цагаан ямбуу даавуугаар хавчуулж хөхүүрээ оёдог. Хөхүүр оёх утсаа хүртэл өөрөө бэлтгэдэг. Тэмээний ноос, дааганы дэлээр утсаа ээрч бэлтгэдэг юм. Ингэж урласан хөхүүр бат бөх, эдэлгээ сайтай чанартай болдог” хэмээн өгүүллээ.
Соёлын биет бус өв өвлөн уламжлагч Д.Ариунжаргал хөхүүр урлах, эсгий урлал, ширмэл ширдэг ширэх, уламжлалт аргаар хурган дотортой дээл урлах, арьс шир боловсруулах арга ухааныг аав ээжээсээ өвлөн уламжилжээ. Түүний урласан хөхүүр энэ жилийн “Нүүдэлчин Монгол” дэлхийн соёлын фестивалийн бас нэгэн чимэг болж, олны мэлмийг баясгасан юм.
Ухаан төгс бидний өвөг дээдэс дэлхийн их соёлд “Нүүдлийн соёл”-ыг цогцлоож, дэлхийн соёл иргэншлийн түүхийг бичиж иржээ.
Хурдацтай хөгжиж даяаршиж буй өнөө цагт нүүдлийн өв соёлоо зуу зуун жил яг л энэ хэвээр нь авч үлдэх нь Монгол хүн бүрийн үүрэг, эрхэм зорилго байх учиртай.
Эх сурвалж: Соёлын яам