Цаг агаар
Валютын ханш
НАМ
2023-03-29
МАН-ын бүлэг УИХ-ын гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг дэмжлээ

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2023.03.29/ ээлжит бусаар хуралдаж, УИХ-ын гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай Ерөнхий прокурор Б.Жаргалсайханаас ирүүлсэн саналыг УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороогоор хэлэлцсэн шийдвэрийг хэлэлцлээ.

Хуралдааны шийдвэрийн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга М.Оюунчимэг, УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албаны дарга С.Далхаасүрэн нар мэдээлэв.

Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Хэлэлцсан асуудалтай холбогдуулан УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны мэдээллийг сонссон. Дэд хорооны дарга, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил УИХ-ын гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх, эсэх асуудлаар тодорхой мэдээлэл өгч, тус хорооноос гаргасан шийдвэрийг танилцууллаа.

Түүний дараа бүлгийн гишүүд асуулт асууж, хариулт авчээ.

Мөн бүлгийн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ оролцож, үүсээд байгаа нөхцөл байдалд байр сууриа илэрхийлж, тодорхой чиглэл өглөө. Тэрээр “УИХ-ын гишүүн бүрэн эрхтэй ч түдгэлзүүлэн шалгах хэрэгтэй” гэж байр сууриа илэрхийлжээ

Ингэснээр УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны шийдвэрийг дэмжиж, УИХ-ын гурван гишүүнийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлье гэдэгт бүлгийн гишүүдийн дийлэнх олонх санал нэгдлээ.

Халдашгүй байдлын дэд хорооны 5 гишүүн хэргийн материалтай танилцах эрхтэй тул өнөөдөр найман цагийн турш хуралдаад, Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар, Т.Аюурсайхан нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх прокурорын саналыг хүлээн авсан юм. Харин МАН-ын бүлэг хаалттай хуралдахдаа хэргийн материалтай танилцаагүй гэв. 

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Н.Наранбаатар бүлгийн хуралдаанд оролцож, байр сууриа илэрхийлжээ.

Одоо Төрийн ордонд Төрийн байгуулалтын байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо тус тус хуралдаж байна. Маргааш өглөө УИХ-ын чуулганы хуралдаанаар байнгын хороодоос гаргасан санал дүгнэлтийг хэлэлцэнэ.  

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ