Нийслэлийн Соёл, урлагийн газрын санаачилгаар 1993 оноос эхлэн жил бүр нийслэлийн Засаг даргын ивээл дор зохион байгуулагддаг, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин, нэрт хормейстер Дагвын Лувсаншаравын нэрэмжит хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг шалгаруулах уралдаант наадмын шагналтнуудын нэгдсэн гала тоглолт энэ сарын 26-ны 13:00 цагаас Соёлын төв өргөөний тайзнаа зохион байгуулагдана.
Нийслэл Улаанбаатар хот үүсгэн байгуулагдсаны 384 жилийн ойн хүрээнд Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Нийслэлийн Боловсролын Газар, Монголын Найрал дууны уран бүтээлчдийн холбоо, Монголын Урлагийн Ажилтны холбоо хамтран зохион байгуулж буйгаараа онцлог тус наадамд энэ жил анхан шатны шалгаруулалтад Нийслэлийн 8 дүүргийн 75 сургуулийн 5,100 гаруй сурагчид оролцсон бол 2 дугаар шатны шалгаруулалтад 8 дүүргийн 20 сургуулийн 1200 орчим хүүхэд оролцож шилдгүүдээ тодруулсан бөгөөд наадмын тэргүүн байранд Баянгол дүүргийн Монгени цогцолбор сургуулийн “Одод” хамтлаг, дэд байранд Хан-Уул дүүргийн 18 дугаар сургуулийн “Шуранхайн тэнгэр” хамтлаг, гуравдугаар байранд Сүхбаатар дүүргийн Монгол- Оросын 3 дугаар сургуулийн “Рапсодия” хамтлаг, тусгай байранд Сонгинохайрхан дүүргийн 62 дугаар сургуулийн “Аялгуу” хамтлаг, Хан-Уул дүүргийн Шинэ Монгол Харумафүжи сургуулийн “Шинэ зууны хүүхдүүд” хамтлагууд тус тус шалгарсан билээ.
Түүнчлэн шилдэг удирдаач багшаар Сүхбаатар дүүргийн Монгол- Оросын 3 дугаар сургуулийн хөгжмийн багш Спицин Никита Сергеевич, шилдэг сургуулийн удирдлагаар Баянзүрх дүүргийн Сингапур сургуулийн захирал Ж.Маргад, шилдэг зохион байгуулагч мэргэжилтнээр Хан-Уул дүүргийн соёлын ордны зохион байгуулагч О.Солонго нар шалгарч, Д.Лувсаншаравын нэрэмжит шагналаар Баянзүрх дүүргийн 33 дугаар сургуулийн “Эгшиглэн” хамтлаг, Монголын найрал дууны уран бүтээлчдийн холбооны шагналаар Сонгинохайрхан дүүргийн 65 дугаар сургуулийн “Нарны дуулал” хамтлаг, Л.Галмандах сангийн нэрэмжит шагналаар Багахангай дүүргийн Хангай цогцолбор сургуулийн “Хараацай” хамтлагууд тус тус тодорсон юм.