Цаг агаар
Валютын ханш
Эйнтертаймент
2023-10-27
Хүүхдийн найрал дууны гала тоглолт боллоо

Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 384 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй Хүүхдийн найрал дууны 29 дэх удаагийн наадам амжилттай болж, өчигдөр гала тоглолтоо хийлээ.

Нийслэлийн Соёл, урлагийн газрын санаачилгаар 1993 оноос эхлэн Нийслэлийн Засаг даргын ивээл дор зохион байгуулсан тус наадмыг 2006 оноос Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин, нэрт хормейстер Д.Лувсаншаравын нэрэмжит болгосон.  

Энэ жилийн наадмын анхан шатны шалгаруулалтад нийслэлийн найман дүүргийн 75  сургуулийн 5100 гаруй сурагч оролцсон бол хоёрдугаар шатанд 20 сургуулийн 1200 орчим хүүхэд оролцож, шилдгүүдээ тодруулсан юм. Тодруулбал,

  • Тэргүүн байранд Баянгол дүүргийн “Монгени” цогцолбор сургуулийн “Одод” хамтлаг,
  • Дэд байранд Хан-Уул дүүргийн 18-р сургуулийн “Шуранхайн тэнгэр” хамтлаг,
  • Гуравдугаар байранд Сүхбаатар дүүргийн Монгол-Оросын 3-р сургуулийн “Рапсодия” хамтлаг,
  • Тусгай байранд Сонгинохайрхан дүүргийн 62-р сургуулийн “Аялгуу” хамтлаг, Хан-Уул дүүргийн “Шинэ Монгол Харумафүжи” сургуулийн “Шинэ зууны хүүхдүүд” хамтлаг
  • Шилдэг удирдаач багшаар Монгол-Оросын 3-р сургуулийн хөгжмийн багш Спицин Никита Сергеевич,
  • Шилдэг сургуулийн удирдлагаар Баянзүрх дүүргийн “Сингапур” сургуулийн захирал Ж.Маргад,
  • Шилдэг зохион байгуулагч мэргэжилтнээр Хан-Уул дүүргийн Соёлын ордны зохион байгуулагч О.Солонго
  • Д.Лувсаншаравын нэрэмжит шагналаар Баянзүрх дүүргийн 33-р сургуулийн “Эгшиглэн” хамтлаг,
  • Монголын найрал дууны уран бүтээлчдийн холбооны шагналаар Сонгинохайрхан дүүргийн 65-р сургуулийн “Нарны дуулал” хамтлаг,
  • Л.Галмандах сангийн нэрэмжит шагналаар Багахангай дүүргийн “Хангай” цогцолбор сургуулийн “Хараацай” хамтлаг
  • Нийслэлийн боловсролын газрын “Арга зүйч багш” цол тэмдгээр Чингэлтэй дүүргийн 24 дүгээр сургуулийн хөгжмийн багш Чимэдцэрэн нар тус тус шалгарлаа.

Наадамд оролцсон шүүгч, удирдаач багш, авьяаслаг сурагчид сэтгэгдлээ хуваалцав.

Уралдааны ерөнхий шүүгч, хөгжим судлаач, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Ч.Буянхишиг:

-Жилээс жилд тус наадамд оролцож буй сурагчид, удирдаач багш нарын ур чадвар сайжирч байна. Бид шүүхдээ дуулах ур чадварыг гол шалгуураа болгосон бөгөөд зохион байгуулалт, хувцаслалт, багшийн ур чадварыг ч харгалзан үзсэн. Хоёрдугаар шатанд тэнцсэн 20 сургуулийн сурагчид маш өнгөлөг, жавхаалаг байлаа. Гэхдээ орчин үед хүүхдэд зориулсан бүтээл ховордсон байна. Наадамд оролцож байгаа багууд гадаад дуу болон дээр үеийн ардын дуунуудыг найруулж дуулсан. Тиймээс орчин үеийн хөгжмийн зохиолчид маань Л.Галмандах, Б.Шарав, С.Гончигсумлаа, Л.Мөрдорж, Т.Чимэддорж гуай шиг хүүхдэд зориулсан найрал дууны бүтээл туурвихад анхаараасай гэж хүсэх байна.

Хүүхдийн найрал дууны 29 дэх удаагийн наадмын дэд байрын шагналт “Шуранхайн тэнгэр” хамтлагийн гишүүн А.Сондор:

-Миний хувьд сургуулийнхаа найрал дууны клубт яваад хоёр жил болж байгаа. Энэ удаагийн наадамд манай хамтлаг хоёр дуугаар оролцсон бөгөөд багш нараасаа, эцэг эхчүүдээсээ чөлөө аваад, давчуу хугацаанд бэлтгэлээ базаасан. Бид мөн өөрсдөө хувцсаа эсгэж, оёсон. Оройтох үед мэдээж аав, ээж ойлгохгүй, загнах үе байна. Гэхдээ бид өнөөдөр наадамдаа амжилттай оролцоод, дэд байрын шагнал хүртэж чадлаа. Хамгийн сайхан нь өдөр, шөнөгүй бэлдсэн бүтээлээ тайзан дээр гарч, үзэгчдийн өмнө амилуулах мэдрэмж. Өөрийн эрхгүй шар үс босож, дуунд улам дурлаад, дуулалтаасаа үгээр илэрхийлэхийн аргагүй мэдрэмж авдаг. Бас манай хамтлаг маш олон насны сурагчдаас бүрдэж байгаа болохоор ах эгч нараасаа суралцах, дүү нартаа үлгэрлэх гээд харилцааны тал дээр их зүйл ойлгож авлаа. 

Хүүхдийн найрал дууны 29 дэх удаагийн наадмын тэргүүн байрын шагналт “Одод” хамтлагийн удирдаач багш Ж.Болормаа:

-Би боловсролын салбарт ажиллаж эхэлсэн үеэсээ буюу 2010 оноос хойш энэхүү наадамд шавь нараа бэлтгэн оролцож байна. Энэ жилийн тухайд манай хамтлаг Монгол Улсын гавьяат багш С.Батболдын “Ардын хоёр дууны найруулга”-ыг дуулж тэргүүн байр эзэллээ. Амжилттай оролцсон нийт шавь нартаа баяр хүргэе. Бид найрал дуугаар тогтмол хичээллэдэг ч энэхүү уралдаанд оролцохын тулд нэг сар уйгагүй бэлдсэн. Уг хүүхдийн наадмыг зохион байгуулснаар хүүхдийг урлагт дурлах, найз нөхөд, хамт олноороо нэг хүн шиг болж нэгдэхэд суралцуулдаг гэв.

Ташрамд, тус наадмыг НЗДТГ, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Боловсролын газар, Монголын Найрал дууны уран бүтээлчдийн холбоо, Монголын Урлагийн ажилтны холбоо хамтран зохион байгуулсан юм.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ