Хүнсний үйлдвэрлэлийн салбарт 24 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа “Газар шим үйлдвэр” ХХК-ийн олон нийтэд санал болгон гаргаж буй хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг эхлүүлэх цан цохих ёслол 2023 оны гуравдугаар сарын 27-ны өдөр боллоо.
Ёслолын арга хэмжээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ, “Газар шим үйлдвэр” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Ганбат, “Новел инвестмент ҮЦК” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Д.Ангар болон бусад хүмүүс оролцсон юм.
Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Сүүлийн жилүүдэд дотоодын хөрөнгийн зах зээл идэвхжихийн зэрэгцээ жил ирэх тусам ДНБ-тэй харьцуулсан дүн өссөөр байна. Энэ нь Хорооноос баримталж буй бодлого болоод дэд бүтцийн байгууллагууд, мэргэжлийн оролцогчид хоорондын уялдаа холбоо, зохицуулалт үр дүнтэй байсны илрэл гэж харж байна. Бидний хувьд аж ахуйн нэгжүүдэд IPO, компанийн бонд гаргах замаар хөрөнгийн зах зээлээс санхүүжилт татах бололцоог нэмэгдүүлэхээр “Үнэт цаасны бүртгэлийн журам” болон “Өрийн хэрэгслийн бүртгэлийн журам”-ыг шинэчлэн баталж, олон улсын жишигт нийцүүлэн, үнэт цаас гаргах ажиллагааг хялбаршуулсан. Ингэснээр зөвхөн сүүлийн хоёр жилийн хугацаанд гэхэд дотоодын аж ахуйн нэгжүүдээс нийтэд санал болгон анх удаа хувьцаа гаргах буюу IPO хийх замаар хөрөнгийн зах зээлээс урт хугацааны санхүүжилт татах сонирхол эрс нэмэгдсэн. Харин энэ оны анхны IPO-г үндэсний томоохон үйлдвэрлэгч “Газар шим үйлдвэр” ХХК-аас эхэлж байгаад баяртай байна. Дотоодын хүнсний үйлдвэрлэл тэр дундаа импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих УИХ-ын тогтоолын хүрээнд тарифын зохицуулалт хийх замаар хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний импортын хамаарлыг бууруулах, экспортын чиг баримжаатай хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээг нэмэгдүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх зэрэг ач холбогдол бүхий шийдвэрүүдийг манай улс шат дараатайгаар хэрэгжүүлж байна. Энэхүү үйл ажиллагаанд нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн гаргахаар тус компани эхлэлийг тавьж байгаад дахин баяр хүргэе” хэмээн онцолсон юм.
“Газар шим үйлдвэр” ХХК нь нийт хувьцааныхаа 16.54 хувь буюу нэг бүр нь 53 төгрөгийн үнэ бүхий нийт 198 сая ширхэг хувьцааг олон нийтэд санал болгож зах зээлээс 10.5 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр төлөвлөжээ.