Санхүүгийн зохицуулах хорооноос Үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхлэгчдийн дээвэр нэгдсэн холбоо, Монголбанкны дэргэдэх Санхүүгийн мэдээллийн алба болон “Санхүүгийн боловсролын зангилаа” ГҮТББ-тай хамтран үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын салбарын оролцогчдод зориулсан “Комплаенсын эрсдэлийг удирдахуй” нээлттэй хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийг нээж Санхүүгийн зохицуулах хорооны Ажлын албаны дарга Т.Жамбаажамц хэлсэн үгэндээ “Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын салбарыг шинэ түвшинд хүргэж, салбартаа мэргэшсэн мэргэжилтэн бэлтгэхэд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа чухал ач холбогдолтой. Цаашид мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх үндэсний тогтолцоог бэхжүүлж, гэмт хэргийн сувгийг хязгаарлах замаар ил тод, хариуцлагатай зохицуулалтын орчныг бүрдүүлэх чиглэлд хичээл зүтгэл гарган ажиллах шаардлага тулгараад байна” гэдгийг онцолсон юм.
Хэлэлцүүлгийн үндсэн илтгэлээр мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үндэсний тогтолцоо, үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын салбарын өнөөгийн нөхцөл байдал, эрсдэлд суурилсан хяналт шалгалтын бодлогын талаар танилцуулсан. Мөн панел хэлэлцүүлгээр мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх эрсдэлд суурилсан аргачлал, олон улсын туршлага, тулгамдаж буй асуудал, комплаенсын эрсдэлийг тодорхойлж, үнэлэх талаар мэдээлэл өглөө. Түүнчлэн мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр тулгамдаж буй асуудал, түүний гарц шийдэл, цаашид баримтлах бодлого, стратеги, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх эрсдэлд суурилсан аргачлалыг хэрхэн үр дүнтэйгээр хэрэгжүүлэх тухай оролцогчдын дунд хэлэлцүүлэг өрнүүлэв.
Санхүүгийн зохицуулах хорооны зохицуулалтад үл хөдлөх хөрөнгийн салбар хамрагдсанаас хойш Хороо болон мэргэжлийн нэгдсэн холбооноос салбарын нийт оролцогчид зориулж зохион байгуулсан энэхүү анхны хэлэлцүүлгийн үр дүнд олон улсын стандартад нийцсэн мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх эрсдэлд суурилсан аргачлалыг салбартаа үр дүнтэйгээр хэрэгжүүлэх, мэдээлэх үүрэгтэй этгээдийн дотоод хяналтын тогтолцоог сайжруулах замаар комплаенсын эрсдэлийг удирдах, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулиар хүлээсэн үүргийн хэрэгжилтийг хангахад төр, хувийн хэвшил нэгдсэн ойлголттой болсон бөгөөд ФАТФ-ын зөвлөмж, стандартыг биелүүлэхэд салбарын хэмжээнд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд томоохон ахиц дэвшил үзүүллээ.
Танхим болон цахим хосолсон хэлбэрээр болсон хэлэлцүүлэгт үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын салбарын тусгай зөвшөөрөл бүхий компаниудаас гадна Барилга, хот байгуулалтын яам, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар, Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн хэмт хэрэгтэй тэмцэх газар, Терроризмтой тэмцэх зөвлөл зэрэг холбогдох төрийн байгууллагууд болон арилжааны банкны төлөөллөөс бүрдсэн нийт 150 гаруй оролцогч хамрагдсан юм.