Цаг агаар
Валютын ханш
Хөрөнгө, санхүүгийн зах зээл
2023-12-12
Зүүн Хойд Азийн Экспорт Импортын Банкнуудын Холбооны 14 дэх уулзалтад оролцлоо

Монгол Улсын Хөгжлийн банк БНХАУ-ын Шеньян хотноо 2023 оны 12-р сарын 6-ны өдөр зохион байгуулагдсан Зүүн Хойд Азийн Экспорт Импортын Банкнуудын Холбооны 14 дэх уулзалтад оролцлоо.
Энэ удаагийн ээлжит уулзалтыг “Дэд бүтэц ба харилцаа холбоо” сэдвийн дор зохион байгуулсан бөгөөд гишүүн банкнууд өөрсдийн хэрэгжүүлсэн дэд бүтцийн төслүүдийг танилцуулж, туршлагаасаа хуваалцан ирээдүйд хамтран санхүүжүүлэх боломжтой төслүүдийн талаар танилцууллаа.

Зүүн Хойд Азийн бүс нутгийн Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны механизм болох “Их түмэн санаачилга” нь 1995 онд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр байгуулагдсан. Энэхүү санаачилга нь Зүүн Хойд Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой. Одоогоор Бүгд Найрамдах Солонгос Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Оросын Холбооны Улс болон Монгол Улс гэсэн дөрвөн гишүүн оронтой. Зүүн Хойд Азийн ЭКСИМ Банкнуудын холбоог бүс нутгийн хөгжлийн төслүүдэд төрийн болон хувийн хэвшлийн санхүүжилтийн хүртээмжийг сайжруулах, бүс нутаг хоорондын худалдааг дэмжих зорилготой “Их Түмэн санаачилга”-аас (The Greater Tumen Initiative) байгуулсан. Тус холбооны гишүүнээр Монгол Улсын Хөгжлийн банк, БНХАУ-ын Экспорт-импортын банк, Солонгосын Экспорт-импортын банк болон ОХУ-ын ВЕБ.РФ банк ажиллаж байна.

Гишүүн улс орнуудын хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын Хөгжлийн банк дээрх банк, санхүүгийн байгууллагатай эрчим хүчний салбарт хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх чиглэлээр түлхүү хамтран ажиллаж Монгол Улсын нийт эрчим хүчний салбарын хүч чадлыг 521МВт-аар нэмэгдүүлж чадсан юм. Тухайлбал, Амгалан ДЦС (348MВт), Чойбалсан ДЦС (50MВт) болон 4-р ДЦС-уудын өргөтгөлийн төсөл хэрэгжүүлснээр (123MВт) хүчин чадлыг нэмэгдүүлсэн. Ингэснээр Улаанбаатар хот болон Дорнод, Сүхбаатар аймгийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг хангахаас гадна тухайн бүс нутагт өсөн нэмэгдэж буй уул уурхайн салбарын эрчим хүчний эрэлт хэрэгцээг тасралтгүй, найдвартай эрчим хүчээр хангах боломж бүрдэж байна. Үүнийг дагаад бүтээн байгуулалтын ажлууд эрчимжиж бүс нутгийн хөгжилд хувь нэмэр оруулж, уул уурхай цаашлаад газрын тосны үйлдвэрлэл болон экспортын орлогыг өсгөх, шинээр ажлын байр нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой юм.

Эх сурвалж: Монгол Улсын Хөгжлийн банк

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ