"Тавантолгой төмөр зам" ХХК-ийн Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт байрлах түүхий нүүрс ачих логистикийн төв, төслийн зарим барилга, байгууламж, шугам, сүлжээний нөхцөл байдлыг стандарт, норм, дүрмийн хяналт шалгалтын ажилд Улсын комисс ажиллаж, байнгын ашиглалтад орууллаа.
"Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв" төсөл нь уурхайгаас олборлосон нүүрсийг хүлээн авч, бутлан тээвэрлэж, ангилан хольж, төмөр замын тээвэрт тасралтгүй ачих зориулалттай Монгол Улсад томоохон тооцогдох инженерийн байгууламж юм.
Энэхүү байгууламж ашиглалтад орсноор Тавантолгойн бүлэг ордоос олборлосон нүүрсийг Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замуудаар тээвэрлэн олон улсад борлуулах боломжтой.
Ингэснээр нүүрс тээврийн зардлыг бууруулж, олборлолтын хүчин чадлыг эрс нэмэгдүүлж, байгаль орчинд ээлтэй, найдвартай, тасралтгүй үйл ажиллагаатай байх өндөр ач холбогдолтой юм.