Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг холбогдох албаныхны хамт өнгөрсөн амралтын өдөр Сүхбаатар дүүрэгт Сэлбэ гол дагуу ажиллалаа.
Тодруулбал, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, Натурын гүүрний орчимд байрлах Геодези, усны барилга байгууламжийн газар /ГУББГ/ ОНӨААТҮГ-ын шугамаар хоёр аж ахуйн нэгж зөвшөөрөлгүй хөрсний ус дамжуулж, Сэлбэ гол руу цутгасан зөрчил гаргажээ. Иймд Нийслэлийн Байгаль орчны газраас тухайн асуудлыг шалгаж байгаа юм.
Энэ талаар Нийслэлийн Байгаль орчны газрын Хяналтын хэлтсийн дарга, улсын ахлах байцаагч Б.Ганболд “Иргэдээс ирсэн өргөдөл гомдлын дагуу өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 19-нөөс хяналт, шалгалтыг эхлүүлсэн. Уг байршлын хувьд нэг аж ахуйн нэгж шинээр барьж байгаа барилгынхаа хөрсний усыг Сэлбэ голд зөвшөөрөлгүй цутгасан зөрчил гаргасан. Аж ахуйн нэгжүүд Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ, Туул голын сав газрын захиргаа, Нийслэлийн Байгаль орчны газраас зөвшөөрөл авч, ГУББГ-тай гэрээ байгуулан хөрсний усаа Сэлбэ голд цутгадаг. Гэвч тухайн байгууллагын гэрээ өнгөрсөн оны аравдугаар сарын 31-нд дууссан бөгөөд сар гаруйн хугацаанд ийнхүү хөрсний ус зөвшөөрөлгүй цутгасан байна. Иймд өнгөрсөн хугацаанд хэр хэмжээний ус цутгасныг тогтоох, зөрчил шалган шийдэх ажиллагаа үргэлжилж байгаа” гэв.
Геодези, усны барилга байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын ерөнхий инженер С.Батсайхан “Улаанбаатар хотын хэмжээнд хөрсний усны түвшин барих 24 км шугам бий. Ер нь Улаанбаатар хотын доор байшин барилгын зоорины давхар, холбооны шугам сүлжээ, цахилгааны кабел гэхчлэн ахиад нэг хот байгаа гэхэд буруудахгүй. Хөрсний усны түвшин барих шугам байхгүй бол байшин, барилгын ул суурь усанд автах эрсдэлтэй. ГУББГ нь зуны улиралд иргэн, аж ахуйн нэгжүүдтэй шугам, хоолой ашиглуулах гэрээ байгуулдаг. Ус нь байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх эсэхийг баталгаажуулсан лабораторийн бичигт үндэслэн уг гэрээг байгуулна. Мөн Экологийн цагдаагийн албаны зөвшөөрөлтэй эсэхийг нягталдаг. Аж ахуйн нэгжүүдийн хөрсний усыг цутгаснаар голын усанд тэжээгдэл болдог юм” хэмээлээ.
Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг “Халиа тошин үүссэн энэ үед зарим аж ахуйн нэгжүүд Сэлбэ голд хөрсний усаа зөвшөөрөлгүй цутгасан асуудал гарсан. Тус хуулийн этгээдүүдийн үүсгэсэн хохирлын хэмжээг тодорхойлон, нөхөн төлбөрийг төлүүлнэ. Өмнө нь энэ төрлийн асуудал үүсэхэд холбогдох төрийн байгууллагууд нь хоорондоо албан бичиг солилцож, хугацаа алдан, хангалттай шийдэлгүй явсаар Зөрчлийн тухай хуулиар хөөн хэлэлцэх хугацаа нь дуусаж, хэргийг хаачихдаг байсан. Иймд цаашид бичиг цаас солилцох бус үр дүнтэй арга хэмжээ авахыг холбогдох байгууллагуудаас шаардаж байгаа. Энэ мэт зөрчил гаргасан иргэн, хуулийн этгээдэд эдийн засгийн үр дагавраар нь хариуцлага тооцохгүй бол Улаанбаатар хотын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчих байдал даамжирч байна” гэлээ.
Хөрсний ус зөвшөөрөлгүйгээр шавхсан байгууллагуудыг Нийслэлийн Байгаль орчны газраас тогтоож, хохирлын хэмжээг нарийвчлан тооцоолж, нөхөн төлбөрийг төлүүлэн, хариуцлага тооцох юм.