Цаг агаар
Валютын ханш
Хөрөнгө, санхүүгийн зах зээл
2023-04-05
Ипотекийн зээлийн санхүүжилт, орон сууцны төслүүд дээр Дэлхийн банктай хамтарч ажиллана

Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн орлогч Тиласони Бенжаминийг 2023 оны дөрөвдүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд сайд Ц.Даваасүрэн Дэлхийн банк нь Монгол Улсын дунд болон урт хугацааны хөгжлийн зорилтуудыг дэмжиж, Засгийн газрын шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж байдагт талархал илэрхийлэв.

Барилга, хот байгуулалтын сайд Монгол Улсын хувьд ойрын 5 жилийн хугацаанд Улаанбаатар хотын гэр хорооллын эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлж, иргэдийн орлогод нийцсэн 82 мянган айлын орон сууцны төсөл хэрэгжүүлэхийг зорьж байгаагийн зэрэгцээ ипотекийн зээлийн санхүүжилтийг нэмэгдүүлж, улмаар дулаан алдагдалгүй ногоон орон сууцуудыг санхүүжүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа талаар ноён Тиласони Бенжаминд мэдээлэл өглөө.

Тодруулбал, Ногоон орон сууцаар хангах хүрээнд ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлж, хуримтлалын нэгдсэн сан байгуулан, орон сууцны санхүүжилтийг тогтвортой бөгөөд хүртээмжтэй хөгжүүлэх хүрээнд холбогдох хууль эрх зүй, тогтолцооны шинэчлэлийг хийхээр төлөвлөсөн бөгөөд дээрх чиглэлүүдийн хүрээнд Дэлхийн банктай хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа сайд Ц.Даваасүрэн илэрхийлсэн юм.

Мөн Дэлхийн банктай хамтран техник туслалцааны “Орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх, санхүүгийн тогтолцоог сайжруулах төсөл”-ийн хүрээнд Орон сууцны хөгжүүлэлтэд оролцогч талуудын эрх, үүргийг зохицуулсан хуулийн хэрэгцээ, шаардлагын тандан судалгааг явуулж гүйцэтгүүлсэн бөгөөд үр дүнд нь Орон сууцжуулах тогтолцоо, зохион байгуулалтын талаарх зөвлөмж орон сууцны нийлүүлэлтийн тайлан боловсруулагдсанд талархаж байна гэлээ.

Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн орлогч ноён Тиласони Бенжамин Барилга, хот байгуулалтын сайдын хэлсэн дээрх бүх ажлууд Дэлхийн банкны тэргүүлэх зорилтуудад туссан байдаг учир онцгой ач холбогдол өгч, хамтарч ажиллахад бэлэн гэдгийг цохон тэмдэглэв.

Мөн гэр хорооллын эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх, иргэдийн худалдан авах боломжид нийцсэн орон сууцны төслүүдийг хэрэгжүүлэх, ипотекийн зээлийн санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх талаар Барилга, хот байгуулалтын сайдын дэвшүүлсэн санал хүсэлтүүд өндөр ач холбогдолтой чухал ажил тул Дэлхийн банк хөрөнгийн болон техникийн туслалцаа дэмжлэг үзүүлж, хамтарч ажиллах сонирхол өндөр байна гэсэн юм.

Хамтын ажиллагааны хүрээнд нэн тэргүүнд Барилга, хот байгуулалтын яам дээрх ажлуудын талаарх мэдээлэл болон хүсэлтээ Сангийн яаманд өгч, хамтын ажлуудаа нарийвчлан тогтох нь чухал болохыг тэмдэглэв гэж БХБЯ-наас мэдээллээ. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ