Монгол Улс 2000-2001 оны хичээлийн жилд сургуулийн нийгмийн ажилтныг бэлтгэж, ерөнхий боловсролын сургуульд хүүхдийн хөгжил, эрх хамгааллын мэргэжлийн үйлчилгээг нэвтрүүлсэн байдаг. Өнөөдөр ерөнхий боловсролын 859 сургуульд нийт 893 нийгмийн ажилтан ажиллаж байна.
Төрөөс хүүхдийн сурч, хөгжихөд ээлтэй орчин бүрдүүлэх чиглэлээр анхаарч ажиллаж байгаа ч өнөөдөр хүүхэд хамгааллын асуудлууд тулгамдсан хэвээр байсаар байна.
Сургуулийн орчинд багш, суралцагч, эцэг эхийн бие биеэ хүндэтгэсэн, дэмжсэн харилцаа чухал. Анги хамт олны эерэг уур амьсгалыг бий болгох, хүүхдийг аливаа дарамт шахалтад өртүүлэхгүй, ялгаварлахгүй байх, тэдний оролцоог тэгш хангах, хөгжлийн онцлог, хэрэгцээнд нь нийцсэн эрүүл, аюулгүй ээлтэй орчин бүрдүүлж ажиллах ёстой.
Энэ сэдвүүдийн хүрээнд өнөөдөр нийгмийн ажилтнууд зөвлөлдөж байна. Боловсролын багц хуулийн шинэчлэлд сургуулийн орчинд хүүхдийн эрх, хамгааллын үйлчилгээ үзүүлэх зардлыг улсын болон орон нутгийн төсөвт тусгадаг байх зохицуулалтыг тусгаад байна.
Боловсролын багц хуультай уялдуулан ерөнхий боловсролын сургуулийн багш, ажилтны хөдөлмөрийн норм нормативыг шинэчлэхээр төлөвлөсөн. Үүнд нийгмийн ажилтны ажил үйлчилгээний норм, хүрээ, хэмжээг шинэчлэн тодорхойлно.
Цэцэрлэг, сургуулийн багш, ажилтны мэргэжлийн хөгжлийг дэмжих журмыг боловсруулан хэлэлцүүлж байна. Энэ журам батлагдсанаар нийгмийн ажилтныг модуль сургалтад хамрагдах болон ажлын байрандаа тасралтгүй хөгжих нөхцлийг бүрдүүлнэ гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.