Монголчууд өвлийн адаг сарын сүүлчийн өдөр битүүлдэг.
Битүүлэх гэдэг нь билгийн улирлын сар бүрийн гучинд тэнгэрт сар үл үзэгдэх битүү харанхуйгаас үүдэн "Лавай" хэмээх өвлийн адаг сарын гучны буцаж байгаа буурал жилийн отголох өдрийг буюу хуучин оны битүүрэн хангирсах өдрийг тэмдэглэхийг хэлнэ.
Монгол хүн битүүний өдрөөс өмнө хуучин оны өр шир, өглөг авлага дуусгадаг заншилтай. Урьд хэрэлдэж, эв түнжин эвдэрсэн хэн хүнтэй зориуд уулзан учирч эв эеэ засдаг.
Лавай сарын хорин есөнд айл хотлоороо бурхан шүтээнээ тахиж, гэр орныхоо тоос шороог гүвж, утаа хийг цэвэрлэн, хот хороогоо засч, хог буртгийг нь цэвэрлэдэг. Мал адгуусны сэг зэм өвдөл цөвдлийг хүртэл булж далдалдаг.
Эмэгтэйчүүд эл өдөр исэг цагаагаа бэлтгэж үдээс хойш ширээндээ идээ будаагаа засаж тавьдаг. Эрэгтэйчүүд нь хүлэг сайн морьдоо барьж, хур дэлийг нь сумлан засч, тоног баавар нь гялалзсан шинэ эмээлээ зэмдэг учиртай. Хоточ сайн нохойныхоо уяа хүзүүвчийг хүртэл шинэтгэн сольдог.
Битүүний орой өрхийн тэргүүн хонь малаа хотлуулаад гэрийнхээ баруун тотгоны дээр цагаан чулуу, цэвэр тунгалаг цас мөс тавьж сайн зүгийн эзэд сахиусны орох үүдийг нээхийн хамт, зүүн тотгоны дээр өргөс харгана шарилж тавьж, муу зүгийн ад чөтгөрийн хорлолыг хаан тавьдаг.
Битүүний орой шинэ дээлээ өмсцгөөж, өтгөс бууралдаа өнгөтэй өөдтэй олбог дэвсгэрээ дэвсэн, эртгэр ширээгээ засч битүүлгээ тавьж, идээ ундааныхаа дээжийг зүүнээс баруун тийш дэслүүлэн өрж, мөн галдаа өргөж, бурхандаа дээжилсний дараа гэрийн эзэгтэй цайныхаа дээжийг гэрийн эзэндээ нар зөв эргүүгэтэй эхэлж барьдаг ёстой. Ингэж битүүлж эхлэхэд аав, ээж, ах дүү, хөвгүүд, бэргэд эрэмбэ дараалан сууж цөм товч бүчээ бүрэн товчилж малгайгаа өмсөж ёсолдог. Тавиас дээш насанд архи хүртээдэг учиртай.
Битүүний зоог нь эрүүг нь заагаагүй хонины битүү толгой юм уу өвчүү байдаг. Өвчүү чанасан бол өвчүүгээ өөд нь харуулан дээр нь дал дөрвөн өндөр, хонтой шаант, залаатай богтос тавина. Битүү толгой чанасан бол аманд нь өвс ногоог төлөөлүүлэн сонгино сармис суулгаж, гургалдайн түрийтэй үзүүрийг толгойныхоо ард тавьж, гургалдайгаа нар зөв ороож, сэмжээр бүтэн дал дөрвөн өндөр, хонтой шаант, залаатай богтосны аль нэгийг тавьж битүүлдэг.
Битүүний орой бууз жигнэж, банш чанаж, мөн шөлний будаа хийж, гурав тогоолон айл хөршийнхөндөө хүүхэд багачуудаар бууз банш хүргүүлдэг. Бууз баншиндаа цагаан мөнгө хийж, тэр бууз банш таарсан хүн ирэх жилд олз омогтай явахыг бэлгэшээдэг. Хүний өөрийн хүүхэд багачуудад мөч махаар хувь хишиг хүртээдэг.
Битүүний орой "Сайхан битүүлцгээж байна уу" гэсэн өлзий бэлгэтэй сайн сайхан үгс хэлэлцдэг. Битүүлгийн идээ будаанаас цадтал идэж, ууж гүйцсэний эцэст үлгэр, тууль ярихаас эхлээд шагайгаар алаг мэлхий өрөх, морь тэмээ уралдуулах, дөрвөн бэрх орхих, тэмээ цохих, буга нуух, хорол зэндмэнь эзлүүлэх зэргээр тоглодог.