Нэгэн домог өгүүлье. Урьд эрт цагт Лхам бурхан шинийн нэгний өглөө эрт ирж хүн бүрт нэг нас өгдөг байж гэнэ.
Нэг удаа бурханы орноос Лхам бурханыг залрахаар гарахад замд нь шулам, мангасын элч нар явуулахгүй хоргоожээ. Тэгтэл Лхам бурханы хүлэг шулмын унасан хүлэгтэй тэмцэлдэж хөлийг нь гэмтээсэн аж.
Тэр цагаас хойш энэ үйл явдлыг дүрсэлж хүмүүс гэр гэртээ чөмөг хагалах заншил үйлддэг болсон гэдэг.
Битүүний орой хот айлынхаа хамгийн өндөр настныдаа цуглан урьдаас бэлтгэж чанасан үхрийн дунд чөмөгний махаас бүх хүнд хэрчиж амсуулдаг. Тэгээд үхрийн дунд чөмгийг шулмын хүлгийн хөлтэй зүйрлэн хугалж,
Заа
Буурал жил гарав аа
Ботгон жил оров оо
Цагаан идээнд цаднаа
Цасан мөсөн хайлнаа
Хөхөө шувуу донгодноо
Хөх ногоо дэлгэрнээ
Заараагүй юм (эрүү толгой) заарна гэж хэлээд гэрийн эзэнд тавагтай нь барина.
Гэрийн эзэн түүнээс бурхандаа дээжлээд өөрөө амсаад бусдад амсуулдаг. Дараа нь бууз, банш мэт битүү хоолоо зооглодог.
Битүүний үдэш хүмүүс Лхам бурханыг үүр шөнийн заагаар ирэхэд нь моринд нь зориулж гэр дээрээ цас тавьж, мөрийг нь үзэх гэж гэрээ тойруулж үнс асгадаг байжээ. Битүү хагарах ёс гэдэг энэ юм.