Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд 2023 оны дөрөвдүгээр сарын 06-ны өдөр Румын улсаас Монголд Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Василика Басил Константинескутай уулзаж, хоёр улсын автотээврийн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Монгол Улс, Румын Улс хооронд “Олон улсын автотээврийн харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Румын Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг байгуулахаар ажиллаж байна.
Энэхүү хэлэлцээр байгуулагдсанаар манай хоёр улсын иргэд, аж ахуйн нэгжүүд харилцан зорчих, худалдаа бизнес эрхлэх, цаашлаад хоёр улсын эдийн засгийн харилцаа, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд ихээхэн хувь нэмрийг оруулах боломжтой юм.
Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд манай улс одоогоор 20 улстай автотээврийн хэлэлцээр байгуулсан. Монгол Улсаас ноос, ноолуур, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн экспортлож, Румын улсаас хүнсний бүтээгдэхүүн импортлох боломжтойг онцлон хэллээ.
Түүнчлэн Румын улстай автотээврийн хэлэлцээр байгуулахад элчин сайдын зүгээс анхаарал хандуулж, дэмжиж ажиллахыг хүсэв гэж Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.