2021 онд улсын хэмжээнд 389.3 мянган га-д үр тариа, 17.9 мянган га-д төмс, 9.6 мянган га-д хүнсний ногоо, 66.5 мянган га-д малын тэжээл, 40 мянган га-д тосны ургамал, өссөн дүнгээр 4.3 мянган га-д жимс жимсгэнэ, нийтдээ 527.8 мянган га-д тариалалт хийх зорилт тавин ажиллаж байна.
5-р сарын 17-ны байдлаар улсын хэмжээнд 77 мянган га-д үр тариа, үүнээс 75.9 мянган га-д улаанбуудай, 2.3 мянган га-д төмс, 1 мянган га-д хүнсний ногоо, 0.1 мянган га-д малын тэжээл, 1.8 мянган га-д тосны ургамал, нийтдээ 82.4 мянган га-д тариалалт хийгээд байна.
Ковид-19 цар тахлын тархалтын улмаас тогтоосон хөл хорионы дэглэм, 4, 5 дугаар сарын цаг агаарын онцлогтой холбоотойгоор хаврын тариалалтын ажил урьд жилүүдийнхээс бага зэрэг хойшилж тариалангийн үндсэн бүс нутгуудаар лууван, сармисны тариалалт 5-р сарын 3-наас, улаанбуудайн тариалалт 5-р сарын 10-наас эхлээд байна.
Хаврын тариалалтын бэлтгэл ажлын хүрээнд дотоодоосоо 47.4 мянган тонн үрийн нөөц бүрдүүлсэн. Үүний зэрэгцээ Хөдөө аж ахуйг дэмжих сангаар дамжуулан 10 мянган тонн үр нийлүүлснээр тариалалтад шаардагдах буудайн үрийг бүрэн бүрдүүллээ. Өнөөдрийн байдлаар тариалалтад зориулан хүсэлт гаргасан 284 иргэн, аж ахуйн нэгжид 9.7 мянган тонн улаанбуудайн үрийг 20-30 хувийн урьдчилгаатай зээлээр Хөдөө аж ахуйг дэмжих сангаас олгожээ