Цаг агаар
Валютын ханш
Нийгмийн үзэгдэл
2024-03-21
Э.Батсүх: Авто замын эвдрэл гэмтэлд даац хэтрэлт хамгийн их нөлөөлдөг

Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-ын Авто замын ашиглалтын хэлтсийн дарга Э.Батсүхээс даацтай холбоотой асуудлаар тодрууллаа.

-2024 оны гуравдугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 30 хоногийн хугацаанд даац хэтрүүлсэн, задрах боломжгүй ачаа тээвэрлэлтийг хориглох шийдвэр гарсан.  Газар гэсэж байгаа энэ үед даац хэтрүүлэн тээвэр хийх нь ямар хор уршигтай вэ?

-Урин дулааны улирал эхэлж, цаг агаар дулаарч газрын хөрс, замын далангийн өнгөн хэсэг гэсэж буйтай холбоотойгоор авто замд ус чийг ихээр хуримтлагдаж, ачаа даах чадвар, бат бэхийн үзүүлэлт их хэмжээгээр буурдаг.

Энэ үед даац хэтрүүлэн тээвэр хийснээр зорчих хэсгийн хучилтад нүхэн эвдрэл, торон хагарлууд их хэмжээгээр нэмэгддэг. Мөн даваа гүвээтэй газруудын уруудах хэсэгт даац хэтэрсэн тээврийн хэрэгслийн тоормозны үйлчлэлээс болж хучилтад дугуй мөрний ховил үүсэж, хөвөө нь эвдэрдэг.

Эвдрэл гэмтлээс үүдэж, иргэд аюулгүй, ая тухтай зорчих боломжгүй болж , осол гарах, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал алдагдах, эвдрэх аюултай.

Ер нь авто замын эвдрэл, гэмтэлд даац хэтрэлт хамгийн их нөлөөлдөг. Мөн авто замын чанар, насжилтаас ч мөн шалтгаална.

Иймд дээрх хугацаанд аж ахуйн нэгж, тээвэрчид хариуцлагатай, ухамсартай хандаж, даац хэтрүүлэн тээвэр хийхгүй байх нь нэн чухал байна.

-Тээвэрлэлт хийх зөвшөөрөгдсөн дээд хэмжээ хэд байдаг вэ?

-Автотээврийн хэрэгслийн байдалд тавих ерөнхий шаардлага MNS 4598:2020 стандартад заасан автотээврийн хэрэгслийн бүх жингийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ 44 тонн байдаг. Дээрх хугацаанд стандарт зөрчиж, тээвэрлэлт хийж, авто зам, замын байгууламжид үүссэн хохирлыг тухайн аж ахуйн нэгж өөрсдөө барагдуулна.

-Үүнд хэрхэн хяналт тавьж, ажиллах вэ?

-Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас олон улс, улсын чанартай авто зам дагуух бүх төлбөр авах цэгүүдэд даац хэмжигч пүүгээр тээврийн хэрэгслийн жинг шалгаж, Тээврийн цагдаагийн алба, Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-тай хамтран хяналт, шалгалт хийж байна.

-Хэрвээ даац хэтрүүлсэн тээвэр хийсэн бол ямар хариуцлага тооцдог вэ?

-Авто зам, замын байгууламжийг эвдэж, гэмтээсэн, ашиглах боломжгүй болгосон бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгж буюу 300 мянган төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгж буюу 3 сая төгрөгөөр торгоно.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ