Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Финланд Улсад албан ёсны айлчлал хийж байна.
Өнөөдөр тус улсын Боловсрол, соёлын яамны Байнгын төрийн нарийн бичгийн дарга (дэд сайд) Анита Лехикойнентэй уулзаж, Финланд болон Монгол Улсын боловсролын шинэчлэлийн асуудлаар харилцан санал солилцлоо.
Финланд Улс нь PISA үнэлгээнд тогтмол амжилттай оролцож байгаа бөгөөд 2022 оны үр дүнд үндэслэн сургуулийн менежмент, багш боловсрол, үнэлгээ, түүнчлэн боловсрол, сургалтад хиймэл оюуныг ашиглах, тогтвортой хөгжил, иргэдийн ногоон ур чадварыг хөгжүүлэх чиглэлээр бодлогын шинэчлэлийг хэрэгжүүлэх юм байна.
Түүнчлэн айлчлалын хүрээнд Финландын Хельсинкийн их сургуулиар зочилж, багш бэлтгэх, давтан сургах тогтолцооны талаар санал солилцож, Монгол Улсад хэрэгжүүлж буй Багшийн гурван тулгуурт бодлогыг танилцууллаа. Цаашид МУБИС болон Хельсинкийн их сургуулийн хамтын ажиллагааг шуурхай эхлүүлж, багш бэлтгэх тогтолцоог бэхжүүлэх хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийг судаллаа.
Түүнчлэн Хельсинкийн их сургуулийн дэргэдэх бага насны хүүхдийн хөгжлийн төвөөр зочилж, бага насны хүүхдийн хөгжил, сургалтын үйл ажиллагаатай танилцаж, МУБИС-ийн Сургуулийн өмнөх боловсролын сургуультай хамтран ажиллах боломжийн талаар зөвлөлдлөө гэж БШУЯ-наас мэдээллээ.