Эцэг, эхийн ариун хайрын баталгаа, гэгээлэг гэгээн бүхний дээд, энэ л орчинд ирэх гэж зөвхөн биднийг сонгосон сахиусан тэнгэрүүд. Аз жаргал, инээд хөөр, баяр баясал бүрийг бидэнд бэлэглэдэг бяцхан үрсийг эрүүл энх, аз жаргалтай байлгах нь томчууд бидний үүрэг.
Анх удаа гишгэж буй алдрай жаахан үр газар ямар хатуу гэдгийг, арван давхар байшин ямар өндөр гэдгийг, зуун градусын буцалж буй ус ямар халуун болохыг, хутга, төмөр, хайч хурц гэдгийг хэрхэн мэдэх вэ дээ6
Автомашинд суугаад хүссэн газартаа хүрдэг гэдгээс аюултай гэдгийг тэд бас л мэдэхгүй.
Цонх, тагтандаа хаалт хийсэн эсэхээ, ус буцалгагч, хутга, заазуур, халуун тогоо хаана байрлуулснаа, гаднах жорлонгийнхоо хаалгыг хаасан уу, хашаанд чинь ил, сул цахилгааны утас гарсан эсэхээ, хүүхдийн дээрээс уначихаар мод, төмөр байна уу гэдгийг та яг одоо шалгаач.
Бид хайхрамжгүй байдлаасаа болж дэндүү олон, дэндүү сайхан бяцхан үрсээ алдсан даа.
Өнгөрсөнд онд гэхэд л хүүхдийн эсрэг гэмт хэргийн улмаас 2005 хүүхэд хохирч, үүнээс 85 хүүхэд нас барж, 798 хүүхэд гэмтсэн гэх харамсалтай тоон мэдээлэл байна.
Та өдөр шөнөгүй, нойр хоолоо хугаслан байж ажил хөдөлмөр эрхэлж байна. Юуны төлөө, хэний төлөө юм бэ гэвэл үр хүүхдийнхээ төлөө, тэдний ирээдүйн төлөө гэх байх.
Гэвч тэр сайхан мөрөөдөл чинь таны алхам тутамд анхаарал, хором мөч бүрт халамж хүсэж байдаг юм шүү.
Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад “Аюулыг илрүүлэх өдөр” гэж хүүхдийг болзошгүй эрсдэлээс хамгаалах зорилтот ажлыг зохион байгуулах тусгайлсан өдөр байдаг байна. Үүн шиг та яг одоо таны гэрт бяцхан үрд тань аюултай, эрсдэлтэй юу байгааг нягталж нэг шалгаарай.
Бидний анзаараагүй өнгөрүүлсэн хормыг тэд андахгүй.