Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын дөрвөн албан хаагч 13 настай охиныг хүчирхийлсэн байж болзошгүй хэргийг Авилгатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс шалгах эсэхийг прокурор шийднэ. Тус хэрэгт холбогдсон нэг албан хаагчийг хойшлуулшгүйгээр ажиллагаа явуулж цагдан хорьсон. Харин өчигдөр /2024.04.07/ 19:30 цагт хэрэгт холбогдоод буй цагдаагийн гурван алба хаагчийг 48 цагийн хугацаатай цагдан хорьсон байна. Тэднийг үргэлжлүүлэн цагдан хорих эсэхийг шүүх шийдэх юм.
Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын дөрвөн албан хаагч 13 настай охинтой 12 настайгаас нь хойш бэлгийн хавьталд орж, хүчирхийлсэн нь урьдчилсан байдлаар тогтоогдсон гэх мэдээлэл байна. Хэрэгт холбогдсон сэжигтэн, яллагдагчийг Сэлэнгэ аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг /Бага насны хүүхдийг хүчиндэх/ гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байна.
Хохирогч охин хамгаалах байранд байгаа хэмээн ХНХЯ-аас мэдэгдсэн юм.
Цагдаагийн ерөнхий газрын дарга, хурандаа Т.Сүхбалдоор ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж, Сэлэнгэ аймгийн Цагдаагийн дарга, дэд дарга нарын албан тушаалыг бууруулан, өөрчлөн томилсон юм.