Шинэ Зеланд улс цагаачдын урсгалыг тогтоон барихын тулд ажиллах визийн шаардлагаа чангатгах гэж байгаагаа зарлалаа.
Нарийн мэргэшил шаардахгүй ажил эрхлэхээр виз хүссэн иргэд англи хэлний тодорхой түвшний мэдлэгтэй байх ёстой болж байна.
Мөн өмнө нь ажлын визийн дээд хугацаа 5 жил байсныг 3 болгож бууруулжээ.
Эрх баригчид мөн гагнуурчин, механикч, төмрийн дархан зэрэг 11 ажил мэргэжлийг түр оршин суух боломжтой шаардлага хангасан ажлын байр болгон шинэчилсэн байна.
Өнгөрсөн онд Шинэ Зеландад 173 мянган хүн шилжин суурьшсан гэсэн мэдээлэл байна. Энэ бараг л түүхэн дээд үзүүлэлт байжээ.
Шинэ Зеланд улс нь 5 сая 300 мянга орчим хүн амтай ч 2022 оноос хойш цагаачдын урсгал эрчимтэй нэмэгдсээр байгаа аж.
Тиймээс виз хүссэн хүн бүрийг биш сургуулийн багш зэрэг эрэлт ихтэй ч ажиллах хүч хомс салбарт мэргэшсэн ажилчдын визийг зөвшөөрөх бодлого баримталж байна.