Боловсрол, шинжлэх ухааны сайдын “Босго оноо тогтоох тухай” тушаал, “Оюутан элсүүлэх журам”-ын өөрчлөлттэй холбоотой дээд боловсролын сургалтын байгууллагын сургалтын албаны төлөөлөл мэдээлэл өглөө.
БШУЯ-ны Дээд боловсролын бодлогын удирдлага, зохицуулалтын газрын дарга Х.Тамир элсэлтийн шалгалтыг жилд хоёр удаа зохион байгуулах, элсэлтийн шалгалтын шинэчилсэн босго оноо, шалгалтын зохион байгуулалт, үнэлгээний арга зүйг олон улсын чиг хандлагад нийцүүлэх, дээд боловсролын сургалтын байгууллагад элсэлтийн шалгалтгүй элсэх боломж зэрэг сэдвээр мэдээлэл өгч, элсэгчдэд заавал анхаарах зүйлсийг тайлбарлав.
Жил бүр босго оноог шинэчлэн тогтооно. Ингэхдээ өмнөх жилийн босго оноог бууруулахгүйгээр тогтоож өгөхөөр хуульчилсан. Дээд боловсролын сургалтын байгууллагын дэд бакалавр, бакалаврын хөтөлбөрт бүрэн дунд боловсрол эзэмшсэн, элсэлтийн шаардлага хангасан хүнийг элсүүлэх бөгөөд үндэсний хэмжээний сургуулийн босго оноог 420 болгож тогтоосон.
Элсэлтийн шалгалтын шалгуур шаардлагад босго онооноос гадна:
- Багш бэлтгэх хөтөлбөрүүдийн босго онооны хэмжээг нэмэгдүүлсэн.
- БШУ-ны сайдын 2023 оны “Босго оноо тогтоох тухай” А/97 дугаар тушаалтай хичээл сонголтын хувьд ялгаа бага зарим нэг өөрчлөлт оруулсан. Тухайлбал: Эрхзүй хөтөлбөрт ЭШ-1 Математик ЭШ-2 Нийгэм судлал байсныг хооронд сольсон гэх мэт
- Тэргүүлэх болон эрэлттэй мэргэжлээр, индексийн 05-09 хөтөлбөрөөр элсэгчийг "Элсэлтийн шалгалт-1"-д заасан хичээлийн аль нэгийг "Элсэлтийн шалгалт-2"-т заасан хичээлд харгалзах босго оноонд шилжүүлэн тооцож болно.
- Тэргүүлэх болон эрэлттэй мэргэжлээр, индексийн 05-09 хөтөлбөрөөр ур чадварын шалгалтын оноог "Элсэлтийн шалгалт-1"-д зааснаас бусад элсэлтийн шалгалтын аль нэг хичээлийн 480 ба түүнээс дээш оноогоор дүйцүүлэн тооцож болох зэргийг журамд зааж өгсөн байна.
Мөн “Оюутан элсүүлэх журам”-д элсэлтийн шалгалтгүй элсүүлэх нөхцөлүүдийг зааж өгчээ. Үүнд:
- Ажлын туршлагатай /30+/ суралцагч /Элсэн суралцах хөтөлбөрийн чиглэлээр 3-аас жил доошгүй жил ажилласан/
- Шаталсан сургуулийн суралцагч
- Гадаад оюутан /Суралцах хэлний шалгалт/
- Дэд бакалавр, Бакалаврын зэрэгтэй суралцагч
- Давхар мэргэжлээр суралцагч
- Улсын төрөлжсөн олимпиадын эхний 5 медальт байрт шалгарсан иргэн
- Шашны боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагад элсэгч
- Олон улсад нийтлэг хүлээн зөвшөөрөгддөг шалгалтын дүн, оноог дүйцүүлэн тооцуулсан иргэн