ЮНЕСКО-оос Дэлхийн геопаркууд хөтөлбөрийг олон улсын түвшинд геологийн ач холбогдол бүхий газруудыг дэмжин хөгжүүлж, орон нутгийн тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах зорилгоор 2001 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд хөтөлбөрийн хүрээнд ЮНЕСКО-ийн Геопаркийн олон улсын сүлжээ бий болсон.
Одоогийн байдлаар ЮНЕСКО-ийн Геопаркийн олон улсын сүлжээнд дэлхийн 48 орны 213 газар бүртгэгдээд байна.
Монгол Улс нь геологийн тогтцын хувьд өвөрмөц онцлогтой ба Өмнөговь аймгийн Ханбогд, Манлай сумын заагт орших үлэг гүрвэлийн мөрт “Шар цав” хэмээх газрыг ЮНЕСКО-ийн Геопаркийн олон улсын сүлжээнд бүртгүүлэхээр холбогдох албаны хүмүүс хамтын ажиллагааг эхлүүлээд байгаа юм.
Энэ хүрээнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Б.Уянга, НҮБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Матилда Димовска тэргүүтэй төлөөлөл Геопаркийн үндэсний хорооны зарим гишүүдийн хамтаар энэ амралтын өдрүүдэд Өмнөговь аймагт ажиллаж, оролцогч талууд болох Рио Тинто Монголиа, Оюу толгой компанийн холбогдох албаны хүмүүс, Ханбогд сумын удирдлагуудын хамтаар дээрх сүлжээнд нэгдэхэд шаардагдах ажлууд болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар харилцан санал солилцлоо.
ЮНЕСКО-ийн Дэлхийн геопарк болохоор төлөвлөж буй газар нутаг нь эхлээд үндэсний геопарк болсон байх шаардлагатай ба газрууд ЮНЕСКО-ийн дэлхийн өв, шим мандлын нөөц газар, геопарк гэх мэт олон тодорхойлолтыг давхар авсан байдаг. Эдгээр давхар тодорхойлолтууд нэг нь нөгөөгөө нөхөж, тухайн газрын хадгалалт хамгаалалтыг илүү сайжруулж өгдөгөөрөө давуу талтай.
Тухайлбал, шим мандлын нөөц газрууд биологийн төрөл зүйлийг хадгалан хамгаалахад гол анхаарлаа төвлөрүүлдэг бол дэлхийн өв нь түүх соёлын дурсгалт газруудыг илүү чухалчилдаг. Харин геопарк нь эдгээрийг илүү баяжуулж геологийн өвийг хамгаалахын сацуу тухайн газар нутагт амьдарч буй ард иргэдийн амьжиргааны түвшинг сайжруулахад гол анхаарлаа төвлөрүүлж ажилладаг онцлогтой юм.