Сонгинохайрхан дүүрэгт баригдаж буй Хүүхэд, залуучуудын театрын бүтээн байгуулалт дуусаж буй аж.
Үүнтэй холбогдуулан Соёлын сайд Ч.Номин театрын удирдлага болон гүйцэтгэгч компанийн төлөөлөлтэй уулзлаа.
Улмаар үйл ажиллагаа явуулж эхлэхэд хүүхэд, залуус ая тухтай үйлчлүүлэх, уран бүтээлчдийн ХАБ-ыг хангах чиглэлд анхаарахыг санууллаа.
Нийт 850 хүний багтаамжтай тус театр ашиглалтад орсноор 341 мянган хүн амтай Сонгинохайрхан дүүргийн иргэд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх, хүүхэд, залуучуудын оюуны хөгжлийг дэмжих, хүүхэд, залуучууд дэлхийн театр, урлагийн хөгжлөөс суралцах, үндэсний урлагаа уламжлан хөгжүүлэх, уран сайхны бусад урсгал чиглэлийг танин мэдэх нөхцөл бүрдэх юм.
Түүнчлэн тус театр нь хүүхэд, залуусын хөгжил, боловсролд чиглэсэн олон талт үйл ажиллагааг явуулах соён гэгээрлийн төв болох юм байна. Тухайлбал, номын сан, кафе, дугуйлан, сургалтын үйлчилгээг цогцоор нь хэрэгжүүлнэ.
Хүүхэд, залуучуудын театрыг энэ сарын 25-ны өдөр албан ёсоор нээж, байнгын үйл ажиллагаатай болгохоор төлөвлөж байгаа бөгөөд дүүргийн иргэдэд хүрэх соёлын хүртээмжийг нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэж үзэж байна.