Улаанбаатар хотын төвд байрлах "Хангай" зочид буудлын барилга анх 1982 онд баригдсан байдаг. Гэсэн хэдий ч эзэмшигч нь ашиглахгүй балгас хэлбэрээр 30 орчим жил болсон. Үүнээс улбаатай гэмт хэрэг зөрчил гарах шалтгаан болж ирсэн байна. Энэ талаар өнөөдөр Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Улаанбаатар хот сүүлийн 30 жил эмх замбараагүй болж, төлөвлөлт буруу хийгдэж нүдэнд үзэмжгүй хот болсон. Бидний хувьд энэ алдааг засахаар үе шаттайгаар ажиллаж байна. Уг барилга хувьчлагдаад 30 жил болсон. Даанч өнгөрсөн хугацаанд эзэнгүй мэт явж иржээ.
Хангай зочид буудалтай холбоотой хоёр үндсэн асуудал байгаа. Нэгдүгээрт, татварын асуудал. Хотын төвийн барилгууд, жишээ нь Энхтайваны гүүрний урд байдаг Хаан банкны байр жилд 1.4 тэрбум төгрөгийн татвар төлдөг. Энэ барилга харин 0.
Хоёрдугаарт, аюулгүй байдал хангагдахгүй, гэмт хэрэг зөрчлийн үүр болж буй. Мэдээж ардчилсан нийгэмд хүн хувийн өмчтэй байх, түүгээрээ дамжуулан эрх чөлөөгөө эдлэх байх эрхтэй. Гэхдээ үүнийгээ дагаад хувийн өмчийн татвараа төлдөг хариуцлагатай байх үүрэгтэй. Мөн хувийн өмч нь бусдад аюултай орчин бий болгох ёсгүй.
Уг барилгын түүхийг авч үзвэл 2010 оноос хойш барилгын үндсэн балгас болсон өндөр хэсгийн бүртгэлийн дугаарыг нь салгаад тусгай гэрчилгээтэй болсон хэдий ч улсын бүртгэлийн газарт бүртгүүлээгүй буюу өдийг хүртэл татвар төлөөгүй гэсэн үг. Гэвч барилгын доод давхарт нь Б.Жаргалсайхан, Т.Баярсайхан нар өмчлөгчөөр бүртгүүлэн, бизнес эрхэлж буй. Үл хөдлөх хөрөнгөөр бүртгүүлчхээд ямар ч татварын системд бүртгэлгүй, татвараа 30 жил төлж ирээгүй байна л гэсэн үг.
2005 онд уг барилгын эргэн тойрны газар нь “Буян Холдинг” ХХК-ийн эзэмшилд байсан бөгөөд 2010 онд уг барилгыг нэг давхар болон зочид буудлынх нь хэсгээр салгаж, бүртгэлийг нь өөрчилсөн байгаа юм. Уг үл хөдлөх хөрөнгө нь ямар нэгэн үнэлгээ хийгдэж, бүртгэгдээгүй болохоор татварын өрийг шууд тооцоход хэцүү” гэдгийг онцолсон юм.