Катарын Үндэсний музейн сан хөмрөгөөс 50 гаруй биет үзмэрийг Монголын Үндэсний музейд дэлгэн толилуулж байна.
Монголын Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд 2024 оны наймдугаар сарын 11-ний өдрийг хүртэл Катарын Үндэсний музейн тусгай үзэсгэлэн болох “Нүүдэл” буюу “On the Move” үзэсгэлэн дэлгэгдэж байна.
Катарын Үндэсний музейн сан хөмрөгөөс сонгон авсан 50 гаруй биет үзмэр, түүхэн ач холбогдол бүхий гэрэл зураг, баримтат кинонуудыг багтаасан энэхүү үзэсгэлэн нь газрын тос олборлохоос өмнөх Катарын малчдын өвөрмөц аж амьдрал, уламжлалт соёлыг олон талаас нь харуулахыг зорьжээ.
Үзэсгэлэнгийн гол агуулга нь 6 дэд сэдвийн хүрээнд цөл нутгийн Катарын нүүдэлчин ардын өдөр тутмын амьдрал ахуй, эмэгтэйчүүдийн нийгэм дэх үүрэг оролцоо, мал маллах уламжлалт арга барил, шонхор шувууны ан, баяр ёслол, шашны болон хуримын зан үйл зэргийг дэлгэрэнгүй толилуулж байна.
“Нүүдэл” тусгай үзэсгэлэнг 2024 оны наймдугаар сарын 11 хүртэл Монголын Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд олон нийтэд нээлттэй бөгөөд үнэ төлбөргүй үзүүлнэ.