2-18 настай монгол хүүхдүүдийн дунд нүд болон шүдний өвчлөл жил ирэх бүр нэмэгдэж байна.
Тиймээс боловсролын байгууллагад тулгуурласан байдлаар нүд, шүдний эрт илрүүлгийг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.
Боловсролын ерөнхий газар, Орбис олон улсын байгууллага хамтран “Цэцэрлэг, сургуулийн хүүхдийн нүдний эрүүл мэндийг дэмжих” төслийг сонгогдсон 33 цэцэрлэг, сургуульд хэрэгжүүлнэ.
Төслийн нээлт өнөөдөр боллоо. Төслийн хүрээнд Монгол улсын зорилтот сургуулийн сурагчдын дунд үзлэг зохион байгуулахад сурагчдын 45 хувь нь харааны ямар нэгэн асуудалтай байв.
Төслийн хүрээнд хүүхдийн харааны эрүүл мэндийн чиглэлээр 50 жилийн турш ажиллаж байгаа Профессор, судлаач Брюс Мүүрийн сүүлийн 25-30 жилийн турш хүүхдийн насны онцлогийг харгалзан судалсан хараа шалгах аргачлалыг нэвтрүүлэн цэцэрлэг, сургуулийн бүлгийн болон анги удирдсан багш, эмч, нийгмийн ажилтнаар удирдуулан нүдний илрүүлэг үзлэгийг зохион байгуулж ESIS системд цахимаар бүртгэнэ.
Үүгээр ямар нэгэн асуудалтай илэрсэн хүүхдийг нэгдсэн эмнэлгийн нүдний мэргэжлийн эмчид илгээн нүдний шилээр хангах, хүүхэд эцэг эх, асран хамгаалагчдад нүдний эрүүл мэндийн боловсрол олгох, нүдний эрүүл мэнд нь сурагчдын суралцах чадвар цаашлаад амьдралын чанарт хэрхэн нөлөөлж байгаа талаар судалж үүнээс урьдчилан сэргийлэх арга аргачлалыг 3 жилийн хугацаанд хэрэгжүүлэн ажиллана.
Хүүхдэд тогтмол цаг хугацаанд, давтамжтай урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг, үзлэгийг сургалтын байгууллагад суурилан хийх нь эрүүл мэндийн аливаа эрсдэлийг эрт үед нь илрүүлэх, учирч болзошгүй бэрхшээл, хүндрэлээс сэргийлэх, тэднийг бүрэн хамруулах, эмнэлэгт ачаалал үүсгэхгүй байх ач холбогдолтой юм.