Нийслэлийн ИТХ-ын Зөвлөлийн хурлаар нийслэлийн нутаг дэвсгэрт энэ онд ойгоос бэлтгэх модны дээд хязгаарыг батлах талаар танилцууллаа.
Танилцуулгыг Нийслэлийн Байгаль орчны газрын дарга Р.Энхтайван хийв.
“Ногоон бүсийн ойн сангийн эрүүл ахуйн орчныг сайжруулах, модны өсөлтийг нэмэгдүүлэх зорилгоор ойн арчилгааны огтлолыг 10 га талбайд, хортон шавжид нэрвэгдэн цаашид сэргэн ургах чадваргүй болсон хатсан мод бүхий цэвэрлэгээний огтлолыг 24 га талбайд, 190 га талбайд унанги модод, гишүү мөчрийг цэвэрлэн ойн төлөв байдлыг дээшлүүлэх, ой дахь шатах материалын хуримтлалыг багасгах арга хэмжээг хэрэгжүүлэх саналыг Р.Энхтайван танилцуулсан юм.
Ойн арчилгаа, цэвэрлэгээний огтлолт, ойн цэвэрлэгээгээр нийт 4809м3 хэрэглээний болон түлшний модыг бэлтгэж, ногоон бүсэд оршин суугч айл өрхийн түлшний хэрэгцээг хангахаар төлөвлөсөн байна. Энэхүү арга хэмжээг хэрэгжүүлснээр ойн экологийн төлөв байдал сайжирч ойн түймэр, хөнөөлт шавж тархах нөхцөлөөс урьдчилан сэргийлэх юм. Түүнчлэн ойгоос хэрэглээний болон түлээний мод бэлтгэсний төлбөрийн орлого 30.7 сая төгрөгийг нийслэлийн төсөвт төвлөрүүлнэ.