Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс нь Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан иргэний сонгох, сонгогдох эрхийг бүрэн эдлүүлэх, УИХ-ын Сонгуулийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийг мөрдөж ажиллах, хэрэгжилтэд хяналт тавихад анхаарах асуудлаар төрийн холбогдох байгууллагын төлөөлөлтэй уулзалт зохион байгуулж, харилцан мэдээлэл солилцож, хамтран ажиллаж байна.
Энэ хүрээнд ХЭҮК-ын дарга Д.Сүнжид, Захиргаа удирдлагын хэлтсийн дарга Д.Ёндонжамц нар Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Дэлгэрсайхан, Тамгын газрын дарга Г.Цолмонтой 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр уулзаж, УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үеэр анхаарах асуудлаар санал солилцлоо.
Уулзалтын эхэнд ээлжит болон нөхөн, ээлжит бус сонгуулиар сонгогчдын нэрсийн жагсаалттай холбоотой гомдол мэдээллийг шуурхай шийдвэрлэдэггүй, улсын бүртгэлийн байгууллагын лавлах утас утсаа авдаггүй, холбогддоггүй зэрэг гомдол, мэдээлэл Комисст удаа ирж байсныг ХЭҮК-ын дарга Д.Сүнжид онцлоод иргэдэд төрийн үйлчилгээ, тэр дундаа сонгох, сонгогдох эрхийг бүрэн эдлүүлэхэд төрийн байгууллагууд онцгойлон анхаарч ажиллах ёстойг цохон тэмдэглэлээ.
Улсын бүртгэлийн ерөнхий газрын мэдээлснээр УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нийт 2,238,360 иргэн санал өгөхөөс 36-45 насны 521,594 сонгогч, 26-35 насны 536,079 сонгогч, 56 ба түүнээс дээш насны 434,212 сонгогч бүртгэгдсэн бол 18-25 насны 355,533 сонгогч саналаа өгнө.
Тиймээс УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үеэр иргэдийн сонгох, сонгогдох эрхийг бүрэн эдлүүлэх, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, түүний дотор сонгогч шилжих, сонгогчдын нэрийн жагсаалттай холбоотой гомдол, мэдээллийг шуурхай шийдвэрлэхтэй холбогдуулан УБЕГ-аас дараах асуудлуудад анхаарч ажиллах ёстойг Комисс онцоллоо.
Үүнд:
- Сонгогчдын нэрийн жагсаалтыг сонгуулийн санал авах өдрөөс өмнө нягтлан шалгаж, давхардал, зөрчлийг арилгах, “түр хасав” нэмэлт тэмдэглэгээ хийлгэсэн иргэний нэмэлт тэмдэглэгээ хийлгэсэн шалтгаан арилсан тохиолдолд тухайн сонгогчийн бүртгэлийг сэргээн сонгох эрхийг эдлүүлэх. Ялангуяа баривчлагдсан, цагдан хоригдсон сонгогчдын сонгох эрхийг бүрэн эдлүүлэхэд Улсын бүртгэлийн ерөнхий газар болон бусад төрийн холбогдох байгууллагууд анхаарах.
- Улсын бүртгэлийн нэгдсэн сан дахь мэдээллийн давхардлыг арилгах, техникийн доголдол гарахаас урьдчилан сэргийлэхэд анхаарч ажиллах шаардлагатайг Комиссын дарга Д.Сүнжид онцлоод цаашид иргэний улсын бүртгэлийн хөдөлгөөнт үйлчилгээг бий болгосноор хорих анги, төвлөрсөн хогийн цэг орчим зэрэг газруудад очиж иргэдэд бүртгэлийн үйлчилгээг үзүүлсэн бөгөөд энэ чиглэлээр цаашид ХЭҮК-той хамтран ажиллах боломжтойгоо илэрхийлсэн байна.
УБЕГ-аас Монгол УИХ-ын сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэх, бэлтгэл ажлыг хангахтай холбогдуулан 2023 оны 11 дүгээр сард ажлын хэсэг байгуулж, 112 ажил, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөж, хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд гомдол, мэдээлэл бүрээр шалгах ажиллагаа хийн асуудлыг шийдвэрлэн ажиллаж байгаа юм байна.
Мөн хаягийн давхцал, хаяг тодорхойгүй, нас баралт, регистрийн дугаарын өөрчлөлт (хүйс солих, шүүхээр насаа тогтоолгох), гадаад улсад зорчих, цэргийн албанд татагдсантай холбоотойгоор сонгогчдын нэрийн жагсаалтад өөрчлөлт ордог. Мөн асрамж, халамжийн төвийн болон нэг хаяг дээр олон сонгогч амьдардаг тохиолдол байдаг. Тухайлбал, 1 хашаанд амьдардаг 5 өрхийн 23 хүн нэг хаяг дээр, асрамж халамжийн төвийн нэг хаяг дээр 100 хүртэл хүн бүртгэлтэй байдаг талаар мэдээлэл өглөө.
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.21 дэх хэсэгт заасны дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 17 нам, 2 эвсэл, 1 төрийн бус байгууллагын төлөөлөлд сонгуулийн нэрийн жагсаалт үйлдэх ажиллагааны талаар бодит жишээн дээр тулгуурлан танилцуулсан бөгөөд тус арга хэмжээнд ЦХХХЯ, СЕХ, ТЕГ, ЦЕГ, Үндэсний дата төв, И-Монгол академи зэрэг төрийн байгууллагын холбогдох албан хаагчид Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль, Төрийн болон албаны нууцын тухай хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэн оролцсон байна.
Улсын бүртгэлийн ерөнхий газраас Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 20.15 дахь хэсэгт заасны дагуу хүсэлт гаргасан 5 нам, 1 эвслийг төлөөлөх эрх бүхий этгээдэд сонгогчдын нэрийн жагсаалтыг хүлээлгэн өгсөн талаарх мэдээллийг Комисст өгчээ.