Цаг агаар
Валютын ханш
Хөдөө аж ахуй
2024-08-23
Т.Жамбалцэрэн: Хөдөө аж ахуйн бодлого, зорилтыг хэрэгжүүлэхэд олон улсын хөрөнгө оруулалт маш чухал байна

Жижиг, дунд үйлдвэрийн газар Солонгосын жижиг, дунд бизнес эрхлэгчдийн  нийгэмлэг, Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төвтэй хамтран “Монгол-Солонгосын жижиг, дунд бизнес эрхлэгчдийн эдийн засгийн хамтын ажиллагаа-2024” үйл ажиллагааг өнөөдөр /2024.08.23/ зохион байгууллаа.

ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаантай учир бизнес хэлэлцүүлэгт оролцож чадаагүйдээ хүлцэл өчин, хоёр улсын жижиг, дунд үйлдвэрлэгчдэд халуун талархал илэрхийлээд Солонгосын талд “Хамтын ажиллагааг тууштай дэмжиж байгаа Та бүхний хичээл зүтгэл, хувь нэмэр, бодит оролцоог тань өндрөөр үнэлж байгаагаа илэрхийлье” гэсэг талархалын бичиг илгээснийг гардуулан өглөө.

Жижиг, дунд бизнес эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг экспортлох боломж нөхцөлийг бүрдүүлэх, хоёр орны бизнесийн харилцан түншлэлийг өргөтгөх, зах зээл, борлуулалт, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилготой уулзалт, хэлэлцүүлэгт Солонгос улсаас 160, манай улсын 100 гаруй жижиг, дунд үйлдвэрлэгчид хамрагдаж бараа бүтээгдэхүүнээрээ үзэсгэлэн гаргаж, туршлага судаллаа.   

Нээлтэд ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын зөвлөх Н.Баатарцогт, Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа Элчин Чой, Жин, Вон, Жижиг, дунд үйлдвэрийн газрын Бодлого, зохицуулалтын хэлтсийн дарга А.Гэрэлзаяа, Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төвийн ерөнхий менежер Х.Хэрлэнчимэг болон албаны бусад хүмүүс оролцов. 

ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн хэлсэн үгэндээ “ Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын зүгээс Монгол Улсын хүн амын хүнсний аюулгүй байдлыг сайжруулах, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан батлуулсан “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоол,  “Малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоол, уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, малын гаралтай түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтийг сайжруулах замаар малчдын орлогыг нэмэгдүүлэх зорилготой “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ний хэрэгжилтийг ханган ажиллаж байна.  Цаашид Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт орчин үеийн дэвшилтэт техник, тоног төхөөрөмжийг нэвтрүүлэх, судалгаа шинжилгээнд тулгуурлан бүс нутгаар төрөлжүүлэн хөгжүүлэх, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлийг бодлого болгон ажиллах болно.

Дээр дурдсан бодлого, зорилтыг амжилттай хэрэгжүүлэхэд олон улсын хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаа нэн чухал. Иймд уг бизнес уулзалтаар дамжуулан холбогдох байгууллагууд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Ялангуяа Солонгосын хөрөнгө оруулагчидтай идэвхтэй хамтран ажиллахад бид бэлэн байна” гэв.

 Монгол Улс, БНСУ хооронд дипломат харилцаа тогтоосны 34 жил энэ жил тохиож байна. Энэ хугацаанд Хөрөнгө оруулалтыг дэмжих, орлогын татварыг давхардуулж  ногдуулахгүй байх, гаалийн асуудлаар хамтран ажиллах, харилцан туслах тухай зэрэг хөрөнгө оруулагчдад таатай, Засгийн газар хоорондын олон гэрээ хэлэлцээрийг хийсэн юм.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ