Монгол Улс, БНХАУ-ын хоёр улсын хөгжлийн бодлого зорилтуудыг харилцан уялдуулж худалдаа, эдийн засгийн харилцааг шинэ агуулгаар баяжуулан хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, бүхий л салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой БНХАУ-ын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн-2024 өнөөдөр /2024.08.23/ Мишээл экспо худалдааны төвийн үзэсгэлэнгийн танхимд нээлтээ хийлээ.
Үзэсгэлэнгийн нээлтэд УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Эдийн засаг, худалдааны хэлтсийн зөвлөх ноён Лю Жинжи, БНХАУ-ын Худалдааны яамны Гадаад худалдааг хөгжүүлэх газрын Худалдааг дэмжих хэлтсийн орлогч дарга, хатагтай Гуо Даньдань, ӨМӨЗО-ны Худалдааны яамны Гадаад худалдааны хэлтсийн дарга Дин Шяолун нар оролцов.
ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн үзэсгэлэнгийн нээлтэд хэлсэн үгэндээ “Өнөөдөр хоёр орны холбогдох төрийн байгууллагын удирдлагууд, Монгол Улс, ӨМӨЗО-ны болон бусад бүс нутгийн аж ахуй нэгж байгууллагын төлөөллүүд, бизнес эрхлэгчид нь эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын чиглэлийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ Монголын хэрэглэгчдэд танилцуулах, урт хугацааны хамтрагч түншээ олж авах зорилго дор хуран чуулж байна. Бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн нь манай хоёр орны хамтын ажиллагааг нэг шат ахиулна гэдэгт найдаж байна” гэлээ.
Монгол Хятад хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой тохиож байгаа нь маш чухал ач холбогдолтойг үзэсгэлэнгийн нээлтэд оролцогсод онцолж, эдийн засаг, худалдааны түүхийн гарааны шинэ цэг дээр зогсож, дипломат харилцаа тогтоох анхны зорилгоо санаж, уламжлалт найрамдалт харилцаагаа үргэлжлүүлэн, хамтын цогц ирээдүйг байгуулахын төлөө "Бүс ба зам" хамтын ажиллагааг индэр болгон ашиглахаа хэллээ.
Хятад улс сүүлийн 10 гаруй жил Монгол Улсын хамгийн том худалдааны түнш байсаар ирсэн. 2023 онд Хятад, Монгол хоёр талын худалдааны хэмжээ 16.5 тэрбум ам.долларт хүрсэн байна. Уг үзэсгэлэнгийн гол зорилго нь "Бүс ба зам" санаачилга болон "Талын зам" санаачилгын уялдаа холбоог улам гүнзгийрүүлж, Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтыг идэвхтэй ахиулж, Хятад, Монгол хоёр орны эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх юм.
Үзэсгэлэнд БНХАУ-ын сүү сүүн бүтээгдэхүүн, будаа, нарийн ногоо, ноос ноолууран хувцас, техник, технологи, автомашин механизм, сэлбэг хэрэгсэл, барилгын материал, эрчим болон бусад өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үзэсгэлэнг 2024.08.23-25-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Үзэсгэлэнд ӨМӨЗО-ны олон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид оролцож байна. ӨМӨЗО нь "Бүс ба зам"-ын хамтын бүтээн байгуулалт, Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтад идэвхтэй оролцож, Хятад улсыг бусад улс оронд нээхэд чухал гүүр болж, дотоодын болон олон улсын хос циклийг холбоход илүү их үүрэг гүйцэтгэдэг юм. Монгол улс болон ӨМӨЗО хоёр талын аж үйлдвэрийн онцлог төстэй боловч хөгжлийн үе шат нь өөр, харилцан биенээ нөхдөг. 2023 онд ӨМӨЗО-ны Монгол Улстай хийсэн худалдааны хэмжээ 9.9 тэрбум ам.долларт хүрч, Хятад, Монгол хоёр орны худалдааны тал хувийг эзэлж байна.