Боловсролын сайд П.Наранбаяр англи хэлний “uTalk” цахим платформын төслийн багийг хүлээн авч уулзлаа.
Төслийн зүгээс “uTalk” гар утасны аппликейшнээр дамжуулан төрийн албан хаагчдын англи хэлний мэдлэг чадварыг дээшлүүлэх, мэргэжлийн хэрэглээнд зориулсан практик англи хэлийг хөгжүүлэх цахим сургалтын хөтөлбөр, сургалтад хамрагдахын өмнө болон дараах түвшин тогтоох шалгалт, онлайн семинар сургалтуудыг санал болгож байгаа юм. Сургалтыг Английн Лондон хотод төвтэй “Professional Language Solutions” компанитай хамтран явуулах бөгөөд сонирхолтой, бүтээлч байлгахын тулд аппликейшнд асуулт хариулт, тоглоом, сэдэвт суурилсан ярианы хичээлүүдийг оруулжээ.
Төрийн албан хаагчид суралцагч төвтэй цахим сургалтаар англи хэлний мэдлэгээ ахиулж, чадавхжин, мэргэжлийн ур чадвараа хөгжүүлэхэд ач холбогдолтой учраас төсөлтэй хамтран ажиллана гэдгээ Боловсролын сайд П.Наранбаяр илэрхийлэв.