БНХАУ-ын Харбин хотноо 2025 оны хоёрдугаар сарын 7-14-нд Азийн өвлийн спортын IX наадам болох ба энэхүү наадамд оролцох орнуудын багийн ахлагч нарын хурал боллоо.
Азийн Олимпын Зөвлөл /АОЗ/-ийн ивээл дор дөрвөн жилд нэг удаа зохиогддог уг наадамд АОЗ-ийн гишүүн 45 орноос хамгийн олон буюу 34 улсын баг тамирчид оролцоно.
Энэ удаагийн хурлаар АОЗ, наадмын Зохион байгуулах хорооноос /ЗБХ/ “Харбин 2025” наадмын бэлтгэл ажлын явцыг танилцуулж, холбогдох газар, нэгжээс хийгдэж байгаа ажлын тайлан, цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, уулзалтыг зохион байгууллаа.
Багийн ахлагч нарын хурлаар Азийн өвлийн наадмын үeэр баг тамирчид, хүндэт зочид, хэвлэл мэдээлэл болон хөгжөөн дэмжигчдийг хэрхэн хүлээн авах, оролцуулах, байрлуулах, тэмцээнийг үзүүлэх, тээврийн үйлчилгээ, харуул хамгаалалт, эмнэлэг, допингийн хяналт, мандат бүртгэлийн зэрэг 10 гаруй асуудлын талаар мэдээлэл хийж, АОЗ-өөс гишүүн орнуудын төлөөлөгч нарын сонирхсон асуулт, саналд хариу, чиглэлийг өгсөн юм.
Азийн өвлийн наадамд оролцох баг тамирчдыг Харбин ба Яабули хотноо (190 км зайтай) олон хүн нэгэн зэрэг байрлан, хооллох боломжтой Викториес, Бейдахуан зочид буудалд хүлээн авч үйлчлэн, тамирчдын тосгон хэлбэрээр ашиглах болсоноо наадмын Зохион байгуулагчид танилцууллаа.
“Харбин 2025” наадмын ЗБХ-ноос шинээр өвлийн спортын ордон, барилга барихгүйгээр тус хотод 1996 онд явагдсан Азийн өвлийн III наадам, 2009 онд зохиогдсон дэлхийн оюутны спортын “Универсиад” наадмын спортын байгууламжуудыг ашиглан явуулахаар бэлтгэж байгаагаа тус арга хэмжээнд оролцсон төлөөлөгчдийн ахлагч нарт үзүүлсэн байна.