Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Монголын Уул уурхайн үндэсний ассоциаци хамтран Монголын аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарыг гадаадын хөрөнгө оруулагчдад сурталчлах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, оролцогч талуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор “Уул уурхайн долоо хоног”-ийг аравдугаар сарын 2-5-нд Налайх дүүрэгт гурав дахь жилдээ зохион байгуулж байна.
Энэхүү арга хэмжээг 2024 онд зохион байгуулагчдын зүгээс “Уул уурхайн долоо хоног” арга хэмжээний цар хүрээг нэмэгдүүлж дэлхийн эрдэс баялгийн салбарын шинэ хандлагууд болох эрчим хүчний ногоон шилжилт, чухал ашигт малтмалын эрэлт, хэрэгцээ болон манай улсын уул уурхайн салбарын өсөлт, шинэ төслүүдийн эрэлтэд тулгуурлан “MinePro” үзэсгэлэн экспогоор өргөжүүлэн зохион байгуулж буйгаараа онцлог юм.
“Уул уурхайн долоо хоног” чуулганаар 4 хоногийн хугацаанд салбарын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, дэлхий нийтийн чиг хандлага, ногоон хөгжил, тэрбум мод, төрөөс баримталж буй бодлого шийдвэрт иргэд, олон нийтийн оролцоог хангах, хамтарсан шийдлийг эрэлхийлэх, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх, хууль, эрх зүйн шинэчлэлийг эрчимжүүлэх зэрэг тулгамдсан олон асуудлыг бүх талын оролцоотойгоор нээлттэй хэлэлцэхээр хөтөлбөрт тусган ажиллаж байгаа бол “Minepro” үзэсгэлэнд Монгол, Их Британи, Канад, Солонгос, Япон, Казакстан, БНХАУ зэрэг Франц, Чех зэрэг 10 гаруй улсын эрдэс баялгийн салбарын 250 гаруй ханган нийлүүлэгч, санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулагч нар оролцож өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээг манай улсын эрдэс баялгийн салбарын оролцогч талуудад сурталчлан танилцуулахаар ажиллаж байна.
Мөн дэлхийн 20 гаруй улсын 300 гаруй зочид төлөөлөгч, хөрөнгө оруулагчид, төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын 5000 гаруй төлөөлөл оролцож буйг онцлон тэмдэглэж байна.