Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тогтолцоог бэхжүүлэх төсөл, Зорилтот бүлгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, бие даан амьдрахад дэмжлэг үзүүлэх тогтолцоог бэхжүүлэх төслийг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага болох ЖАЙКА-тай хамтран хэрэгжүүлдэг.
Төслийн үр дүн, тайланг өнөөдөр хэлэлцлээ.
“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тогтолцоог бэхжүүлэх DPUB 2 төсөл” нь 2021 оны 2-р сараас 2024 оны 6-р сар хүртэл хугацаанд хэрэгжиж дараах үр дүнг гаргасан байна.
207 ажлын байрны дадлагажуулагч, 16 ажлын байрны дадлагажуулагч бэлтгэх үндэсний сургагч багшийг сургасан.
Бэлтгэсэн ажлын байрны дадлагажуулагч нар 223 хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд дэмжих үйлчилгээ үзүүлснээс 151 нь байнгын ажлын байртай болсон байна.
Хөгжлийн бэрхшээлтэй 37 хүнийг ААНБ-уудад нөлөөлөх хүний нөөцөөр бэлтгэж, нөлөөллийн семинарыг 20 удаа зохион байгуулж, 469 байгууллагын 743 хүнийг хамруулжээ.
“Зорилтот бүлгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, бие даан амьдрахад дэмжлэг үзүүлэх тогтолцоог бэхжүүлэх төсөл” нь 2023 оны 4-р сараас хэрэгжиж эхэлсэн бөгөөд Япон Улсын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга зүйд тулгуурласан “Ажил турших хөтөлбөр”-ийг ирэх жилээс загвар төслийн хүрээнд хэрэгжүүлнэ.
Ажлын байрны дадлагажуулагчийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээ нь тодорхой хэмжээгээр нийтэд танигдаж байгаа хэдий ч Монголын нийт ААНБ-ууд, орон нутагт хангалтгүй хэвээр байгааг төсөл хэрэгжүүлэгчид онцоллоо.
Яамны зүгээс DPUB төслийн 3 дугаар шатыг хэрэгжүүлэх саналаа ЖАЙКА-д албан ёсоор хүргүүлээд байна.