Цаг агаар
Валютын ханш
Боловсрол
2024-11-12
Ж.Галбадрах: Багшийн хомсдолыг арилгахгүйгээр боловсролын салбарт хийх хөгжил, шинэчлэлд ахиц гарах боломжгүй

Боловсролын ерөнхий хуулийн хэрэгжилттэй  танилцах, хэрэгжилтийг хангах, багшийн хомсдолыг арилгах, багшийн үнэлэмжийг сайжруулах асуудлыг судалж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ж.Галбадрах ахалж байна. Түүнтэй уулзаж ярилцлаа.

-Боловсролын ерөнхий хуулийн хэрэгжилттэй хэрхэн танилцахаар ажиллаж байна вэ?

-Боловсролын ерөнхий хууль батлагдаж хэрэгжиж эхлээд дөнгөж жил гаруй болж байна. УИХ хууль тогтоох үйл ажиллагаанаас гадна хуулийн хэрэгжилтэд хяналт тавих үндсэн чиг үүргээ биелүүлэх ёстой. Боловсролын ерөнхий хуулийн хэрэгжилтэд тулгамдсан олон асуудал бэрхшээл үүсч байна. Нэн тэргүүнд багш нарын хомсдол салбарын эмгэнэл болоод байна. Боловсролын сайд 8 дугаар сарын сүүлээр 4200 багш дутагдаж буйг зарласан. Энэ бол сургуулиудаас авсан тоо. Бид цөм хөтөлбөрт тусгасан цагийн дагуу сургууль бүрийн бүлгийн тоонд үндэслэн багшийн тоог гаргахад 7600 багш дутагдалтай гэсэн тооцоолол гарсан. Цаашид сургуулийн норм нормативийг мөрдүүлэх, сургууль шинээр байгуулах тохиолдолд багшийн хомсдол улам л нэмэгдэхээр байна. Багшийн нарын хомсдолыг арилгахгүйгээр боловсролын салбарын хөгжил, шинэчлэлд ахиц гарах тухай ярих боломжгүй юм. Манай ажлын хэсэг хамгийн олон гишүүнтэй бөгөөд бид багш нарын хомсдолыг арилгах, багшийн үнэлэмжийг сайжруулах чиглэлд илүү анхаарч ажиллана. Санал, дүгнэлтээ хаврын чуулганаар танилцуулах болно.

-Хуулийн хэрэгжилттэй танилцаад Боловсролын ерөнхий хуульд өөрчлөх  санал гаргах боломжтой юу?

-Хуульд өөрчлөлт оруулах тухай биш, хэрэгжилтийн алдаа, оноог хянах чиглэлээр ажлын хэсэг ажиллана гэдгийг онцолж хэлье. Ажлын хэсэг тулгамдсан асуудлуудыг маш сайн сонсож, бодит нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцах чиглэлийг баримтлаж байна. Жишээлбэл,  сум орон нутгийн ерөнхий боловсролын сургуулийн 6, 7 настны сургалтын талаар гишүүдийн гаргасан санал санаачлагыг  багш нар, эцэг, эхчүүдтэй хамтран ярилцахаар төлөвлөж байна. Мөн ажлын хэсэг МУБИС зэрэг багш бэлтгэж буй их, дээд сургуульд дээр очиж, багш бэлтгэх бодлого, хяналтын тоог хэрхэн хангаж буй талаар мэдээлэл сонсож, оюутнуудтай уулзалт хийнэ. Энэ мэтчилэн боловсролын шат шатны байгууллагад очиж ажиллан бодит шийдэл гаргах нь үр дүнтэй хэмээн үзэж байна.

-Та боловсролын салбарын хөрөнгө оруулалтад шүүмжлэлтэй хандаж байсан. Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх ямар боломж байна гэж харж байна вэ?

-Эдийн засаг өсч, төсөв тэлж байгаа үед боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг цаг алдалгүй нэмэгдүүлэх шаардлагатай байна. Өнөөдөр улсын хэмжээнд 40-өөс дээш тооны хүүхэдтэй 4860 бүлэгт 214 мянган гаруй хүүхэд суралцаж байна. Бүр 60 давсан хүүхэдтэй бүлэг 8 байна. Ер нь 1800-аас дээш хүүхэдтэй даац хэтэрсэн сургуульд сургалт хэвийн явуулах боломжгүй, энэ нь эргээд сургалтын чанарт сөргөөр нөлөөлж байгаа. Улсын хэмжээнд ийм даац хэтэрсэн 124 сургуульд 368 мянган гаруй хүүхэд суралцаж байна. Энэхүү бүлэг дүүргэлт болон сургуулийн даац хэтэрсэн нөхцөлийг хэвийн болгохын тулд бидний хийсэн тооцоогоор даруй 150 сургууль шинээр барих зайлшгүй шаардлагатай байна. Тиймээс боловсролын салбарт хөрөнгө оруулалт маш  чухал байгаа тул ирэх 4 жилд Засгийн газрын хэрэгжүүлж эхлэхээр төлөвлөж буй 14 мега төсөл дээр нэмээд 15 дахь мега төслийг боловсролын салбарт хэрэгжүүлэх ёстой гэж үзэж байгаа.  

-Багшийн хомсдлыг шийдэх ямар гарц байна гэж та үзэж байгаа вэ?

Багшийн хомсдлыг бууруулахын тулд  тэдний үнэлэмжийг нэмэгдүүлэх, нийгмийн баталгааг хангах нь хамгийн оновчтой шийдэл юм. Хөдөө орон нутагт багшийн хомсдол маш их байна. Тухайн аймаг, сум, дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн шилдэг төгсөгчийг багш мэргэжил эзэмшээд эргээд төрөлх сургуульдаа багшлах тохиолдолд сургалтын төлбөрийг 100 хувь хөнгөлөх,  суралцах хугацаанд амьжиргааны тэтгэлэг олгох, 5 жил тасралтгүй үр бүтээлтэй ажиллавал гадаадад магистрт суралцуулах, ипотекийн зээлийн хөнгөлөлт үзүүлэх зэргээр багш нарын нийгмийн асуудлыг шийдэх талаар төр дорвитой шийдвэр  гаргах  ёстой хэмээн үзэж байна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ