Цаг агаар
Валютын ханш
Хөдөө аж ахуй
2023-04-25
Хүнс, хөдөө аж ахуйн салбарт олгогдох хөнгөлөлттэй зээлийг эрчимжүүлэх чиглэл өглөө

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан батлуулсан "Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын 2022 оны 36 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд хүнсний сүлжээний бүх үе шатанд аюулгүй байдлыг хангах, гол нэрийн хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэл, түүхий эдийн дотоодын нөөц ашиглалтыг нэмэгдүүлэх, импортын хамаарлыг бууруулах, цаашид хүнс экспортлогч орон болох зорилтыг дэвшүүлсэн.

Засгийн газрын 2023 оны 63 дугаар тогтоолоор хүнсний болон хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих зээлийг арилжааны банкны эх үүсвэрээр санхүүжүүлэн, Засгийн газраас хариуцан төлөх хүүгийн хэмжээг 13 хувь байхаар шийдвэрлэсэн.

Энэ хүрээнд хүнсний боловсруулах болон сав баглаа боодлын үйлдвэрлэл эрхлэгчид, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгч иргэн, аж ахуй нэгж, хоршоодод эргэлтийн хөрөнгийн, хөрөнгө оруулалтын зээлийг 5-6 хувийн хүүтэйгээр, арилжааны 10 банкаар дамжуулан олгох бөгөөд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын багцын 2023 оны төсөвт хүүгийн хөнгөлөлтөд 135.5 тэрбум төгрөгийг тусгасан. Нийт 982.0 тэрбум төгрөгийн зээлийг олгох юм.

Энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, ХХААХҮЯ, Монголбанк, арилжааны банкууд болон хүнс, хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэгчдийн төлөөлөл оролцсон уулзалт өнөөдөр Монголбанкны төв байранд боллоо.

Уулзалтаар Монголбанкны тэргүүн дэд Ерөнхийлөгч Г.Дөлгөөн зээл олголтын ажлыг эрчимжүүлэх чиглэлийг арилжааны банкуудад өглөө.

Уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр, Монголбанкны тэргүүн дэд Ерөнхийлөгч Г.Дөлгөөн, ХХААХҮЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун болон банкууд, хүнс, хөдөө аж ахуй салбарын аж ахуй нэгжүүдийн төлөөлөл оролцлоо. 

Уулзалтад Төрийн банк, Хаан банк, Хас банк, Ариг банк, Худалдаа хөгжлийн банк, Голомт банк, Богд банк, М банк, Капитрон банк, Тээвэр хөгжлийн банкны төлөөлөл оролцлоо. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ