Нэг ч ялагдалгүй яваа хоёр Америк боксчин болох Жервонта Дэвис, Райан Гарсия нар энэ сарын 23-нд Лас-Вегас хотноо халз тулалдсан билээ.
"Танк" хочит Дэвис долоодугаар үед хүнд цохилтоор өрсөлдөгчөө буулган авч, яруу замналаа (29-0, 27 KO) үргэлжлүүлсэн бол Райан Гарсия Гарсией (23-1, 19 KO) анхныхаа ялагдлыг хүлээв.
Тулааны дараа Гарсия өрсөлдөгч нь түүний гэмтлийн талаар мэдэж байсныг дурьдаад, “Манай багт харх байсан нь гунигтай байна. Итгэхэд бэрх ч үнэхээр харх байсан нь илэрлээ. Би ялагдсанаа үүгээр зөвтгөх гэж хүсээгүй. Би ялагдсан, ингээд боллоо. Би эргэж ирнэ. Гэхдээ би манай багийн хэсэг нь, ойр дотнын минь хэн нэг нь миний замд хөндөлссөнд шоконд ороод байна” гэж бичжээ.
Маргааш АНУ-д ээлжит тулаанаа хийх гэж байгаа Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар ч энэ талаар сэтгэгдлээ хэлсэн байна.
Учир нь тэрбээр Райан Гарсияийн бэлтгэл хангагчаар ажилласан байна.
Тэрбээр “Өчигдөр Райан Гарсия тоглосон. Тэр "Танк"-д хожигдчихлоо. Гэдсэндээ цохилт аваад ялагдчих шиг боллоо. Райан Гарсия гэмтэлтэй байсан. Би өнөөдөр видео бичлэг оруулсан. “Намайг уучлаарай. Би бэлтгэл дээр чамайг гэмтээсэн. Тэрний улмаас чи хожигдчихлоо” гэж инстаграм дээрээ тавьсан чинь хүмүүс боож үхэх гээд бөөн юм болж байна. Райан дээр бооцоо тавьсан хүмүүс байна, мөнгөө алдаад уурлаж байна, зарим нь энэ Монгол залуу хэн бэ гээд шуугиад эхэлж байна. Харааж ерөөх хүн ч нэмэгдээд, дагагчид олшроод, ер нь лааж байна. Миний хувьд уучлал гуйж л тийм видео хийсэн. Би сарын 6000 ам.долларын цалинтай бэлтгэл хангагчаар ажиллаж байсан. Зургаа дахь спарринг дээр яг давтаж байсан цохилтоо гэдсэнд нь хийгээд гэмтээчихсэн. Ингээд Райан эмнэлэг рүү, би тал цалинтай гэр рүүгээ харьсан. Ажлаас халагдсан гэсэн үг. Ер нь уучлаарай гэдгээ л бичлэгээрээ дамжуулах хүсэлтэй байсан. Надад боломж байгаа. Миний ялдаг байсан хүмүүс бүгдээрээ олимп, дэлхийн аварга болчихсон байна. Би сахилга баттай байж, бүх бүсийг нь авна гэдэгт итгэлтэй байна. Жиндээ таван бүстэй аваргыг маргаангүй аварга гэж ярьдаг. Би энэ сарын 27-нд Нью-Йоркод тулаантай. Энд ирээд гурван сар болж байна. Яаж сайжирснаа харуулна. Тулаан дээр уулзацгаая. Би Райанаас уучлал гуйсан болохоос өдөөн хатгалт хийгээгүй шүү” гэжээ.