Цаг агаар
Валютын ханш
Хуулийг
2023-04-27
“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаар хэвлэгдлээ

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2023 оны 16 дугаар хэвлэгдэн гарлаа. Тус дугаарт Хэлэлцээр соёрхон батлах тухай Монгол Улсын хуулийг нийтэлсэн бөгөөд тус хуулиар Швейцарь Улсын Женев хотноо 1958 онд батлагдсан “Дугуйт тээврийн хэрэгслүүд, тэдгээрт суурилуулан ашиглаж болох тоног төхөөрөмж, эд ангид зориулсан Нэгдсэн Үндэстний Байгууллагын уялдуулан тохируулсан техникийн дүрмийг хэрэглэх болон Нэгдсэн Үндэстний Байгууллагын эдгээр дүрэмд үндэслэн олгосон баталгааг харилцан хүлээн зөвшөөрөх нөхцөлийн тухай хэлэлцээр”-ийг Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр соёрхон баталсан байна. Тухайн хэлэлцээрийг мөн дугаарт нийтэлсэнтэй дэлгэрэнгүй танилцах боломжтой ажээ. 

Түүнчлэн эмхэтгэлийн тус дугаарт Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд      өөрчлөлт оруулах тухай, Хуулийн төсөл буцаах тухай УИХ-ын тогтоолуудыг нийтэлжээ. Тухайлбал, Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолоор УИХ-ын гишүүн Төмөрбаатарын Аюурсайханыг УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны, Жамбалын Ганбаатарыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны, Тогмидын Доржхандыг УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны бүрэлдэхүүнээс тус тус чөлөөлж, Монгол УИХ-ын гишүүн Тогмидын Доржхандыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны, Төмөртогоогийн Энхтүвшинг УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны, Нямаагийн Энхболдыг УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны гишүүнээр тус тус баталсан байна. Хуулийн төсөл буцаах тухай Монгол УИХ-ын тогтоолоор Монгол Улсын Засгийн газраас 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Улсын Их Хуралд Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Засгийн газрын тусгай сангийн тухай хууль (Шинэчилсэн найруулга)-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг буцаах нь зүйтэй гэсэн Байнгын хорооны санал, дүгнэлтийг нэгдсэн хуралдааны санал хураалтад оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул хууль санаачлагчид нь буцаажээ.

Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт  Анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигуудыг нийтэлсэн бөгөөд зарлигуудаар Батбаатарын Ууганбаярыг Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд, Авирмэдийн Зүмбэрэлийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд тус тус томилжээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ