Компанийн засаглалын тогтолцоог үр дүнтэйгээр хэрэгжүүлэх нь аливаа байгууллагын урт хугацааны тогтвортой өсөлт, хөгжлийг хангахад чухал ач холбогдолтой. Ийм учраас Санхүүгийн зохицуулах хороо компанийн засаглалын ач холбогдлыг тодорхойлох, түүнийг хэрэгжүүлэх арга зүйг шинэ түвшинд гаргах, засаглалыг сайжруулах сэдэл, хөшүүргийг бий болгож, үр өгөөжийг нь нэмэгдүүлэх зорилгоор нээлттэй хувьцаат компаниудад зориулсан уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Санхүүгийн зохицуулах хорооны Ажлын албаны дарга Т.Жамбаажамц уулзалт, хэлэлцүүлгийг нээж “Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, өрсөлдөөнийг бий болгох, санхүүжилтийн зардлыг бууруулах чиглэлээр бид бүхэн бодлогын томоохон арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна. Үр дүнд нь хувьцаат компаниудын засаглалын чанарыг сайжруулах замаар урт болон дунд хугацаанд зах зээлийн үнэлгээ, үнэ цэнийг нэмэгдүүлэх, жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах, шийдвэр гаргах ажиллагаанд тэдгээрийн оролцоог хангах боломжийг сайжруулсаар байна. Нөгөөтэйгүүр төрийн байгууллага мэргэжлийн судлаачидтай хамтран зохицуулалтын салбаруудад компанийн засаглалыг хэрэгжүүлэхэд тулгарч буй нөхцөл байдал болон цаашдын чиг хандлага зэргийг хослуулан үнэт цаасны зах зээлд оролцогчдод мэдээлэл хүргэж байгаа нь нэгдсэн ойлголтыг бий болгоход чухал ач холбогдолтой” гэдгийг онцолсон юм.
Салбарын мэргэжлийн судлаачидтай хамтран зохион байгуулсан энэ удаагийн уулзалт, хэлэлцүүлэгт Монголын хөрөнгийн биржийн I, II ангилалд бүртгэлтэй хувьцаат компани, үнэт цаасны арилжаа эрхлэгч байгууллага болон мэргэжлийн судлаачдын төлөөллөөс бүрдсэн 50 гаруй оролцогч хамрагдаж, компанийн засаглалын кодексийн хэрэгжилт, мэдээллийн ил тод байдал, хяналт шалгалт талаар мэдээлэл авсан юм. Мөн компанийн сайн засаглал ба санхүүгийн гүйцэтгэлийн хамаарал, компанийн засаглалыг тодорхойлох MCG аргачлал болон манлайлал ба компанийн засаглал, шинэ чиг хандлагын хүрээнд хэлэлцүүлэг өрнүүллээ.