Японы нэг сарын хугацаанд хүлээж авсан гадаадын аялагчийн тоо түүхэн амжилт тогтоожээ.
Тодруулбал, өнгөрсөн нэгдүгээр сард тус улсад 3 сая 780 мянга гаруй хүн аялж зорчсоноор өмнөх жилийн мөн үеийнхээс 40,6 хувиар нэмэгдсэн дүн үзүүлжээ.
Дөрөв дэх сараа дараалан гурван саяас давсан үзүүлэлт гарч буй юм байна. Өнгөрсөн сард Японд очсон жуулчдын нэлээд хувийг Хятадын аялагч зорчигчид бүрдүүлснийг Японы үндэсний аялал жуулчлалын агентлагийн дүн мэдээ мөн харуулсан байна.
Энэ байгууллагын мэдээлснээр, өнгөрөгч 1-р сард Япон улсад аялж зорчсон гадныхны тоо нь өнгөрсөн оны 12-р сард 3 сая 480 мянгаас даруй 300 мянгаар нэмэгдсэн дүн юм байна. Тэрчлэн өнгөрсөн 1-р сард Японд аялж жуулчилсан 3,78 сая хүний 980 мянга гаруй нь Хятадаас очсон хүмүүсийг байснаар энэ тоо, жилийн өмнөхтэй харьцуулахад бараг хоёр дахин нэмэгдсэн үзүүлэлт болжээ. Хятадын уламжлалт тооллын шинэ жилийн баяр өнгөрсөн 1 сарын дундаас эхэлсэн юм.
Ковид цар тахлын улмаас эрс багассан аялал жуулчлал, тэр дундаа Хятадын жуулчдын урсгал ийнхүү огцом нэмэгдсэн нь Япон дахь аялал жуулчлалын үзүүлэлт сарын дээд амжилт тогтоох гол нөхцөл болжээ.
Улсаар нь авч үзвэл, Хятадуудын араас 967 мянгаараа зорчсон Өмнөд Солонгос жуулчид удаалж, 593 мянган жуулчин Тайваниас, 243 мянган Хонгконгийн гэхчлэн дараалсан байна.
Үүнээс гадна АНУ болон Европын орнууд зэрэг бусад бүс нутгаас аялагч зорчигчдын тоо ч бас түүхэн дээд үзүүлэлтэд хүрч өссөн юм байна.
Тэрчлэн Японы аялал жуулчлалын байгууллага Хятадын жуулчид өнгөрсөн сард яагаад Японыг түлхүү сонгож жуулчлахад түлхэц үзүүлсэн шалтгаануудын тоонд, Япон руу бас Японы орон нутгууд руу нислэгийн тоо нэмэгдсэн, Өмнөд Солонгост гарсан онгоцны осол, мөн Тайланд явсан Хятадын алдартай жүжигчин ор сураггүй алга болсон зэрэг үйл явдал нөлөөлсөн гэж үзжээ.