“Тогтвортой хөгжлийн боловсрол-II” төслийн зорилтот зургаан аймаг, нийслэлийн хоёр дүүргийн 30 сургууль өнгөрсөн хоёр жил гаруйн хугацаанд төслийн хүрээнд бүтээж босгосон амжилт, сургамж, шинэ арга технологи, менежментээ олон нийтэд танилцуулан сурталчлах өдөрлөгөө амжилттай зохион байгуулж байна.
Ховд аймгаас тус төсөлд хамрагдсан ЕБ-ын 1, 2 дугаар сургууль, Буянт, Мөнхайрхан сумын ЕБС "Сургууль бүхлээр ажиллах арга хандлага"-ыг менежментдээ нэвтрүүлж, Тогтвортой хөгжлийн боловсролын төлөөх төслүүдээ амжилттай хэрэгжүүллээ.
Өв соёлын өргөө, сургалтын талбайтай Мөнххайрхан
410 гаруй сурагч, 56 багш ажилтантай Ховд аймгийн Мөнххайрхан сумын ЕБС ТХБ-II төслийн үр дүнгээ ийн тодорхойллоо.
Сургуульдаа өв соёлын өргөө байгуулав. Өргөөгөө өөрсдийн урласан ширдэг, эсгий, модон эдлэл, дээл хувцас, тоглоом наадгайгаар чимжээ. Хичээл сургалт, урлаг соёлын болон бусад үйл ажиллагаа өрнөдөг газрын нэг нь энэ өргөө.
Сургуульдаа сургалт туршилтын талбай байгуулж төмс, хүнсний ногоо тариалахаас гадна устаж ховордсон балган модоо үндэслүүлэн туршив. Мөнх цэвдэгтэй, өндөр уулын бүс нутаг ч гэлээ төмс хүнсний ногоо тарьж ургац авч болохыг сүүлийн 2 жилд хураасан 240 кг төмсөөрөө харуулав. Энэ нөлөөллийн үр дүнд сумын нийт өрхийн 50 шахам хувь нь төмс, хүнсний ногоо тарьж байна гэлээ.
Өв соёлны өргөөндөө ирсэн зочдоо урианхай хувцсаар гоёж, соёлоо таниулах зорилгоор урианхай дээлээ урлаж өмсөх санаачилга өрнүүлэв. Санаачилга өргөжсөөр сурагчдын 60 хувь, багш, ажилтнуудын 90 хувь нь урианхай дээлтэй болов. 9-12 дугаар ангийн сурагч, тэдний зарим эцэг эх, багш нар эсгүүр оёдлыг дээл хувцасны дэг жаягтай нь суралцаж, өөрсдөө урладаг болоод байна.
Ноос сэмлэх, утас ээрэх 4 машиныг сургуульдаа авч, малчдын нөхөрлөлтэй хамтран тэмээ, хонины ноосоор олс, дээс томох, эсгий дарах зэрэг үйлийг сурагчиддаа холбогдох хичээлээр нь зааж сургаж байна.
Байгалийн ухааны хичээлүүдийн хэрэгслүүдийг худалдан авснаар шинжлэх ухааны жижиг туршилтуудыг орчин үeийн багаж төхөөрөмжөөр хийх боломжтой болжээ.
Дээрх үйл ажиллагаа, туршилтуудаа сургалтын хөтөлбөртэйгээ уяж, хичээлүүдтэйгээ холбон зааж хамтдаа суралцаж байна.
Сургуульдаа Сургууль бүхлээр /багш, удирдлага, ажилтан, сурагч/ ажиллах арга хандлага /СБААХ/-ыг нэвтрүүллээ. Сумынхаа нөхөрлөл, хоршоо, иргэдтэй хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргаж, төр, ТББ-уудтай түншилж ажиллах боломжоо нэмэгдүүллээ. Мөн суралцаж туршлагажснаа танилцууллаа.
З.Нарантуяа: Сурагчдын 60 хувь нь урианхай дээлтэй боллоо
Сургуулийнхаа өдөрлөгт ирсэн Ховд аймгийн Мөнххайрхан сумын сургуулийн багш, сурагч, эцэг эхчүүдийн ихэнхи нь урианхайн дээл хувцсаараа гоёсон байв. Ингэж угсаатныхаа дээл хувцсыг эдэлж хэрэглэх дадалд хэвшүүлэх нь энэ сургуулийн ТХБ-II төслийн хүрээнд гаргасан санаачлагуудын нэг зорилго нь юм. “Угсаатны хувцас- үндэсний өв” жижиг төслийг тус сургуулийн монгол хэл, уран зохиолын багш З.Нарантуяа хариуцжээ.
Багш З.Нарантуяа “Ийм сонин дээл хувцсыг хаана яаж өмсөх юм бэ гэсэн ойлголт манай залуусын дунд их байсан. Үүнийг халахын тулд, урианхай угсаатны хувцас хэрэглэлийн бэлэгдэл, хийц загварын утга учрыг таниулж мэдүүлэхийн тулд зарим угсаатны зүйн эх сурвалжуудыг уншиж судаллаа. Урианхай дээл гэхээр бид хадгалагдаж үлдсэн, музейд байдаг хүрэн даавуун эсвэл хөдсөн цагаан дээлээр л төсөөлдөг.
Тэгвэл энэ цагт өөртөө таалагддаг өнгөөр загвар билигдлийг нь шингээн урлаж өмсөж болно. Манай 9-12 дугаар ангийн охид, зарим эцэг эх, багш нар урианхай дээл урлахыг сайн суралцсан. Энэ төслийн үр дүнд сургуулийн нийт хүүхдүүдийн 60 шахам хувь, багш нарын 90 хувь нь урианхай дээлтэй болж, өмсөж хэрэглэж дадлаа. Цаашдаа сумын өрх бүр урианхай дээлтэй болох саналыг сумынхан маань сайн дэмжиж байгаа. Урианхай дээлний хавчуурга, дал оноо, эмжээр зэргийг урлахад ур дүй их шаарддаг. Эрэгтэй дээлийн оноо нь сумны зэвийг дүрсэлдэг нарийн утга учиртай. Гол нь хийлгэж өмсөх биш өөрсдөө хийдэг болох нь чухал. Энэ санаачлагаа ТХБ-II төслийн үр дүнд ажил хэрэг болгосондоо баяртай байна.” гэлээ.
ТХБ-II төслийн 22.5 сая төгрөгийн дэмжлэг, заавар чиглүүлэг, Ховд аймгийн Орон нутгийн хөгжлийн сангийн нийт 7.5 сая төгрөгийн санхүүжилт, багш, ажиллагсад, эцэг эх, олон нийтийн түншлэлийн үр дүнд босгосон хөрөнгө хүчээр Ховд аймгийн Мөнхайрхан сумын ЕБС эдгээр бүтээн байгуулалт, сургалт, үйл ажиллагаагаа өрнүүлжээ. Төсөл дууссан ч үйл ажиллагаагаа үргэлжлүүлж, үр дүнгээ бататган туршлагаа сум орон нутагтаа түгээнэ гэлээ.
Сурагчид хог хаягдлыг дахин ашиглах арга эрэлхийлдэг боллоо
Ховд аймгийн Буянт сумын ЕБС-ийн ТХБ-II төслийн үр дүнд бүтээсэн ажил амжилтаас.
Сургуулийн хамт олон, сурагчид өөрсдийн санаачилга, ТХБ-II төсөл, орон нутгийн дэмжлэгээр 2021-2022 онд хог хаягдлаа ангилан ялгах, дахин боловсруулах, ашиглах зорилготой “Урлахуйн ертөнц” төслөө санаачлан хэрэгжүүлэв.
Нэг удаагийн хэрэгсэл болон зарим хог хаягдлыг дахин ашиглах туршилтын танхимыг сургуульдаа байгуулав. Сурагчдын энэ чиглэлээр туршилт хийдэг гол газар нь тус танхим. Төслийн үр дүнд сурагчид хаягдлыг хог гэж харахаасаа урьдаж хэрхэн ашиглах аргыг эрэлхийлдэг, өөрсдөө оролддог, хийдэг болжээ.
Манлайлагчид нь дугуйлангийн сурагчид. Тус сургууль технологийн, урлан бүтээх, эко бордоо бэлтгэх зэрэг чиглэлээр нийт 10 гаруй дугуйлантай.
Төслийн хүрээнд нэг жилийн өмнө алимны төгөл байгуулсан бол энэ хавар үрэл модоор тус талбайгаа өргөжүүлэхээр бэлтгээд байна. Ховд аймгийн “Булган голын алим” компанийн сургалт зөвөлгөөгөөр тарьж суулгасан алимны моднууд нь өвлийн хүйтнийг ажралгүй давжээ.
Байгалийн ухаан, экологийн хичээлийн туршилт судалгааны гол талбай нь алимны төгөл, талбай. Өөрсдийнхөө тарьсан алимыг амтлана гэж ирэх жилийг сурагчид нь хүлээж буй.
Сурагч, багш, сургуулийн ажилтнууд хамтаараа сургуулийнхаа гадаа бордооны талбай бэлтгэж, ногооны хаягдлаараа эко бордоо гаргаж авч сурав. Бордоогоороо цэцэг, мод бутнуудаа бордож хэвшлээ.
Буянт сумын сургуулийн хамт олон сайн туршлагаа бусад сургуульд, найзууддаа түгээхэд бэлэн боллоо гэж Ховд аймгийн Буянт сумын ЕБС-ийн захирал нь танилцуулав.
Ховд аймгийн Буянт сумын ЕБС-ын эцэг эхийн зөвлөлийн гишүүн, тариаланч И.Баасандорж: Манай гурван хүүхэд сумынхаа сургуульд сурч байна. ТХБ төслөөр сургуулийн хамт олны санаачилж хэрэгжүүлж байгаа ажлууд дээр байнга хамтран оролцдог. Тухайлбал манай тариалангийн талбайд сургуулийн зарим ангийнхан ирж танилцаж, хог хаягдал түүх зэргээр оролцож, маниж мэдэж байна. Ковидын хүнд үеийн дараа хүүхэд багш нарын идэвхи оролцоог сайжруулахад энэ ТХБ-II төсөл их дэмжлэг болсон болов уу. Өөрчлөлт гарч байна. Ер нь сургуулийн ажилд эцэг эхчүүд бид бас хүчин чармайлт гаргах ёстой болов уу.
Нэг модтой чихрээр нэг хаягдал зай
ТХБ-II төслийн түшиц Ховд аймгийн ЕБ-ийн “Ховд” лабортори 1-р сургууль 2230 гаруй сурагч, 110 багш, ажилтантай. Тус сургуулийн тогтвортой хөгжлийн боловсролын төлөө санаачилсан, дадал хэвшил болгосон зарим амжилтаас:
Цахим, танхимын хосолсон сургалттай танхимыг сургуульдаа байгуулж, “Хос бичигтэн”, “Бүтээлч төгөл” дагалдах төслүүдээ хэрэгжүүлжээ. “Бүтээлч төгөл” төслөөр сургууль орчмын болон Ховд аймгийнхаа хөрсний pH-ыг тодорхойлох, эко дадал хандлагыг түгээн дэлгэрүүлэх зорилго тавьсан. Энэ хүрээнд Эко мэдээллийн төв байгуулж, холбогдох сургалтуудаа тус төвдөө туршилт хэлбэрээр явуулдаг байна. Мөн хөрс бэлтгэх, орчныхоо тоосыг бууруулах аргад сурагч, багш нар хамтдаа суралцжээ. Суралцснаа дадал хэвшил болгохын тулд сурагчид “Ногоон карт” санаачлан өөрсдийнхөө үр дүнг үнэлдэг болсон гэж тус сургуулийн сургалтын менежер Х.Баянбулгаа танилцууллаа.
Сурагчид ангидаа орохдоо гутлаа арчиж сурах, цэцэгнүүдээ байнга услаж арчлах, тэдгээрийг мэдээлэл, хаягтай болгох гээд хүүхдүүдийн өдөр тутмын дадал хандлагад сайн өөрчлөлт олон гарч байгааг сурагчид танилцууллаа.
Ховд 1 дүгээр сургуулийн “Ногоон шинэчлэл” эко клубын сурагч н.ЭНХЧИМЭГ, н.Тайванхүү: Манай клуб одоогоор 20 охид, 10 гаруй хөвгүүдээс бүрдсэн гишүүдтэй. Клубын сурагчид сургуулийнхаа сурагчдад мод бутнуудыг таниулж мэдээлэл өгдөг. Хөрс, био бордоо бэлтгэхэд өөрсдөө суралцхж, бас найзуудаа сургаж байна. Бууц, үртэс, шувууны сангас зэргийг ашиглан шүлтлэг, хүчиллэг хөрс гарган авч цэцэг ургамал тарихдаа ашиглаж сурсан. Хөрсний рH-ыг мөн судалдаг.
“Нэг зай-нэг чихэр” аянаа хоёр дахь жилдээ явуулж нийт 70 гаруй кг хаягдал зай цуглуулж аймгийнхаа БОГ-т хүлээлгэж өгсөн. Энэ хичээлийн жилд одоогоор 200 гаруй ш хаягдал зай цуглуулаад байна. Нэг хаягдал батерейг нэг модтой чихрээр сольж аваад хэвшсэн. Хүүхдүүд их идэвхитэй оролцдог.
П.Ариунбаяр “хүүхдийг шүүмжлэхгүйгээр сонсож чадах нь сургуулийн сэтгэл зүйчийн ажил”
Ховд аймгийн ЕБ-ын 2-р сургуулийн сэтгэл зүйчээр хоёр дахь жилдээ ажиллаж байгаа П.Ариунбаяртай өдөрлөгөөр уулзаж ярилцлаа.
ТХБ-II төслийн санаачилгаар 2021-2022 оны хичээлийн жилд төрийн өмчит ЕБС-д ажиллах нийт 64 мэргэжилтэнг “Боловсролын сэтгэл зүйч”-ээр мэргэшүүлэн сургаж, сургуулиудад ажиллахад зөвлөн тусалсан юм. Мөн 26 сэтгэл зүйчийн өрөө тасалгааны тохижилт, тоног төхөөрөмж, сургалтад зориулж төслөөс нийт 180 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн.
Ямар арга барилыг түлхүү ажшиглан ажиллаж байна вэ?
Хүүхдүүдэд сэтгэл зүйн зөвлөлгөөг ганцаарчлан болон багийн хэлбэрээр өгч ажиллаж байна. Хүүхдүүд ганцаарчилж зөвөлгөө авах нь өнгөрсөн жилээс нэмэгдсэн. 6-12 насын хүүхдүүдэд сэтгэлзүйн зөвөлгөө өгдөггүй. Сэтгэл зүйг гадагшуулах дасгал явуулдаг. Дунд, ахлах ангийнханд сэтгэл зүйн зөвөлгөө өгдөг.
Хүүхдүүд гол төлөв ямар сэдвээр зөвөлгөө авдаг вэ?
Хүүхдүүд ахлах ангид ороод мэргэжилээ хэрхэн сонгохоо мэддэггүй хувирдаг. Тиймээс мэргэжил сонголтын цогц оношилгоо хийдэг. Энэ асуудлаар зөвөлгөө их авч байна. Хоёрт үе тэнгийн дээрэлхэлт, гуравт үерхэл нөхөрлөлийн нандин асуудлаа ярьж их ханддаг. Мөн уур бухимдал, стрессээс үүссэн асуудлаараа зөвөлгөө авдаг. Хүүхэд стресстэй байгаа тохиолдолд тухайн өдрийн хичээлийг ерөөсөө ойлгодоггүй. Ямарч байсан сэтгэл зүйчид асуудлаа ярьж бухимдлаа тайлж, зөвөлгөө авч болдог гэдгийг сургуулийн сурагчид ойлгосон. Хүүхдээр дамжуулан гэр бүлд нь нөлөөлөх сэтгэл зүйн сургалтуудыг үе шаттайгаар орж байна.
Үр дүн хэрхэн гарч байгаа бол?
Сэтгэл зүйн үйлчилгээний үр дүн тийм хурдан гардаггүй. Хүүхдүүд сэтгэл зүйчийн өрөөнд орж ирээд чанга дуугаар уйлах, инээх, хашгичих нь хэвийн үзэгдэл. Маргааш нь тэдний уур бухимдал арилчихсан нүд нь гэрэлтэй гүйж явах нь бий. Энэ бол үр дүнгийн бас нэг илрэл юм болов уу.
Өнгөрсөн хоёр жилийн танадалтаар сургуульд сэтгэл зүйч хэр их хэрэгтэй гэж үзэж байна вэ?
Хамгийн их шаардлагатай. Хүүхдүүд аливаа асуудлаа гадагшлуулахад сэтгэл зүйчийн үүрэг хамгийн чухал. Тиймээс ч сэтгэл зүйчийн өрөө хүүхэд орж үйлчлүүлэх бүрэн боломжтой, эрхийг нь хангасан байх ёстой. Тэднийг шүүмжлэхгүйгээр, тэдэнд шалгуур тавихгүйгээр нээлттэй сонсож чадах нь сэтгэл зүйчийн давуу тал. Ингэж ажиллах боломжоор хангасан, цаашид ажиллах урам зоригийг бий болгосон сургуулийнхаа болоод ТХБ төслийн хамт олонд талархаж байна.