Европын комисс ган төмөрлөгийн импортын хувь хэмжээг 15 хувиар бууруулах санал тусгасан төлөвлөгөөгөө танилцуулжээ.
АНУ ирэх дөрөвдүгээр сарын эхнээс ган болон хөнгөн цагааны бүх импортод 25 хувийн гаалийн татвар ногдуулахаар зэхэж, давхар бас Азийн орнуудын зүгээс өрсөлдөөн эрчимжиж байгаатай холбогдуулж Европын холбооны гүйцэтгэх засаглал ийм төлөвлөгөө батлах бодолтой байгаа аж.
"Сүүлийн хэдэн жил дэлхийн гангийн зах зээлд, ялангуяа Азид хэт үйлдвэрлэл явагдсанаар Европын энэ салбарын үйлдвэрүүдийн захиалгыг эрс хумигдахад хүргэсэн. Тиймээс аль ч бай гаднаас чиглэлтэй аливаа шударга бус өрсөлдөөнөөс Европын гангийн үйлдвэрүүдийг хамгаалах нь манай тэргүүлэх зорилт болж байна” гэж Европын комиссын дэд дарга Стефен Сежурн мэдэгдсэн байна.
АНУ-д орох ган болон хөнгөн цагааны бүх импортод 25 хувийн татвар ногдуулснаар Канад, Хятад, Мексикийн үйлдвэрлэгчид зах зээлийн илүүдэл бүтээгдэхүүнээ Европын зах зээлд шахан нийлүүлэхээр орж ирнэ гэдгээс Европын холбоо болгоомжилж байгааг тэр дурдсан байна.
2018 онд Трампын өмнөх засаг захиргааны үед Европын холбоо мөн гангийн импортыг хязгаарлах арга хэмжээ авч, түүнээс хойш хэд хэдэн удаа шинэчлэн баталж ирсэн байдаг.
Энэ оны гуравдугаар улиралд хүчинтэй хугацаа нь дуусахаар байгаа импортын энэ хязгаарлалтаа ирэх дөрөвдүгээр сараас дахиад 15 хувиар нэмэгдүүлэх хавсралтыг шинэчилж батлахаар зэхэж байна.
Европын холбооны энэ шийдвэр батлагдвал Европын орнуудад гаргадаг гангийн гурав дахь том нийлүүлэгч Өмнөд Солонгосын үйлдвэрлэгчдэд сөрөг нөлөө учрахыг шинжээчид хэлж байна.
АНУ-ын нийт гангийн импортынхоо 25 хувийг Канадаас, дахиад 10 хувийг Өмнөд Солонгосоос авдаг байна.
Харин Европын холбооны орнуудад ган төмөрлөг нийлүүлэгч гол том 5 улсын тоонд Өмнөд Солонгосоос гадна Энэтхэг, Хятад, Турк, Их Британи багтдаг аж.
Дэлхийн ган төмөрлөгийн зах зээлийн гол тоглогч орнуудын хувьд энэ салбарын үйлдвэрлэл үндэсний аюулгүй байдлын асуудал байдаг гэдгийг хэвлэлүүд дурджээ.